Сэлэнгэ аймагт цэцэрлэгийн арга зүйчийн биед халдаж, 13 удаа хутгалжээ
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт эмэгтэй хүнийг олон удаа хутгалж, амь насанд ноцтой гэмтэл учруулсан хэрэг энэ сарын 14-нд гарчээ. Хохирогч эмэгтэй 49 настай Н гэх бөгөөд цэцэрлэгийн арга зүйчээр ажилладаг нэгэн аж. Энэ талаар орон нутгийн эх сурвалжаас тодруулахад “Хохирогч Сүхбаатар сумын нэгэн цэцэрлэгт арга зүйчээр ажилладаг байсан. Тухайн өдрийн орой 20:00 цагийн орчимд орцондоо халдлагад өртсөн байсан. Хэргийн шалтгаан хувийн харилцаанаас үүдсэн юм билээ. Эмэгтэй хэрэгтэнтэй маргалдаад эцэст нь ийм ноцтой халдлагад өртсөн байсан. 13 удаа хутгалсан гэсэн. Одоогоор хохирогч эмэгтэйн биеийн байдал маш хүнд эмчлүүлж байгаа. Ямар ч хувийн харилцаа байсан ийм харгис, хэрцгий байдлаар эмэгтэй хүний биед халдсан үйлдэлд маш их гайхаж, цочирдож байна” гэсэн юм.
Сэжигтэн этгээд нь Дархан-Уул аймгийн харьяат М гэгч ажээ. Тэрээр хэрэг үйлдсэнийхээ дараа оргон зугтаахыг завджээ. Цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжилж сэжигтнийг Алтанбулаг боомтоос баривчилжээ. Хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
Эх сурвалж: "Өдрийн сонин"
Б.Заяа