Төр нь буруу явбал улс үндэстнээр нь шийтгэдэг болжээ
Европын холбооны Гадаад хэргийн сайд нар Оросын жуулчдыг Европ руу зорчихыг хориглох тухай Украины уриалгыг хэлэлцэнэ, ОХУ-тай хиллэдэг Финланд, Эстони, Латви, Литва, Польш улс олон нийтийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд түр хугацаагаар хориг, хязгаарлалт хийнэ гэж мэдэгдлээ… Ийм утгатай мэдээллүүдийг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. Бүр тодруулж хэлбэл, Финланд улс Оросын жуулчны визний мэдүүлгийн тоогоо бууруулахаар болчихсон. Өдөрт мянган виз хүлээж авдаг байснаа 10 хувиар бууруулахаа ил тод мэдэгдээд буй. Оросын жуулчид Европын бусад оронд зорчихын тулд Финландын хилээр дамжиж яваа гээд харахаар тус улсын энэ шийдвэр орос иргэдэд хүнд тусах нь тодорхой.
ОХУ-ын зүгээс Украинд нэрэн дээрээ “тусгай ажиллагаа”, нидэр дээрээ дайн өдөөсөн өдрөөс хойд хөршийн иргэд АНУ, Их Британи, Япон гээд дэлхийн хөгжингүй улсуудын хоригт шууд ба шууд бус утгаараа өртөж эхэлсэн. Путиныг Украин руу дайрах шийдвэр гаргангуут баруунд зорчиж аялж явсан орос иргэд онгоцгүйдэж, картаараа төлбөр тооцоо хийж чадахгүйдээ хүрч байв. Дайныг эсэргүүцсэн дэлхийн улс гүрнүүд эхэндээ ОХУ-ын экспортын бараанд, тус улсын удирдагчдад, том бизнес эрхлэгчдэд хориг тавьж байсан бол сүүлдээ иргэд рүү нь чиглэсэн хоригуудыг авч эхэлсний тод жишээ нь нийтлэлийн эхэнд дурдсан визний хориг юм.
Түүх сөхөөд харахад, өмнө нь энэ мэт түрэмгийлэлд дэлхийн улсууд хариу барьдаг л байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг улс үндэстнээр нь хааж боосон том хориг тавьж явсан түүх үгүй. Үсрээд л экспортын хэдэн барааг нь авахгүй гэх мэтээр эдийн засгийн хориг тавьдаг байв. Бүр цаашиллаа гэхэд сая дурдсанчлан эрх баригчид юм уу, том компаниудыг нь онилж хориг тавьсаар ирсэн. Харин одоо бол дайн өдөөсөн улсын иргэд тэр чигтээ хохирол амсдаг боллоо. Наад захын тод жишээ гэвэл улсынх нь удирдагч дайн өдөөснөөс болж жирийн орос иргэд улс орнуудад аялах, зорчих эрхээ хязгаарлуулаад эхэлчихлээ.
Хөгжингүй оронд очиж эмчлүүлье гэхэд л дайн өдөөсөн улсын иргэн гэсэн “хар тамга” даруулчихаад яаж ч чадахгүй сууцгааж буй нь өнөөгийн Оросын бодитой гашуун үнэн. Дайн эхлүүлсэн учраас гэсэн тайлбартайгаар ОХУ-аас гарсан дэлхийн брэндүүдийг тоочвол овоо урт жагсаалт хөвөрнө. Олон улсын том компаниуд Оросыг орхиход хамгийн түрүүнд хохирсон хүмүүс нь мөн л жирийн иргэд байсан. Дажгүй компанид овоо цалинтай ажиллаж явсан олон зуун мянган орос иргэд өнөөдөр ажил, орлогогүй хэцүүдэж суугаа. Чанартай бүтээгдэхүүн хэрэглэх эрхгүй аж төрнө гэдэг ч хэрэглээ даяарчлагдсан өдий цагт хүсэх зүйл биш.
Дахиад онцлоход, дайн өдөөсөн ямар ч улс өрнийн цөөхөн орны хязгаарлагдмал хоригт биш дэлхийн улс гүрнүүдийн том хоригт орж үндэстнээрээ хэцүүддэг цаг үе яалт ч үгүй ирчихэж.
Путин гэдэг хүнээс болж жирийн орос иргэд хэцүүдлээ гэсэн шүүмжлэл нэг талдаа үнэн ч нөгөө талаас нь харвал туйлын бодитой дүгнэлт биш. Путиныг сонгосон хүмүүс нь Оросын иргэд. ОХУ-ын олонх иргэн сонгосон учраас тэр Ерөнхийлөгч болсон. Ерөнхийлөгчийн мэдлийнхээ хүрээнд дайн зарласан. Ингээд харахаар жирийн орос иргэд сонголтынхоо золиосыг биеэрээ амсаж яваа гэсэн дүгнэлт л гарч ирж байна. Хатуу ч гэлээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн бодитой дүгнэлт гэвэл энэ.
Жирийн орос иргэдийн туулж яваа энэ зовлон бидэнд ч хамаатай. Шуудхан хэлэхэд “Манай улс дайн өдүүлээгүй учраас оросуудын үүрч яваа зовлон маньд ирэхгүй” гэж бодох нь хэтэрхий гэнэн хэрэг. Энгийн жишээ хэлье. Рейтинг өндөр улстөрчдийнхөө байр байдлыг харахад манай баатрууд “тэгж хязгаарлана, ингэж хориглоно”, “уул уурхайд мөнгө оруулж эдийн засгийг авч яваа компанийн эздийн хөрөнгийг хураана”, “хувийн сургуулиудыг татан буулгана”, “чөлөөт эдийн засаг гэсэн ойлголт байхгүй төрийн зохицуулалттай эдийн засаг л гэж бий” гэх мэт коммунизм үнэртсэн мэдэгдэл хийж алга ташуулж яваа анзаарагддаг. Алга ташигчид нь тэднийг сонгосон олонх иргэд. Ийм улстөрчдийг хэдэн парламент дамжиж сонгосны хамаг хэцүүг үүрч яваа нь мөн л өнөөх олонх иргэд. Сонгосон улстөрчдийнхөө тарьсан балгийг өндөр инфляц, төгрөгийн үнэгүйдлээр төлсөн шигээ ард олноороо гундуухан амьдарч яваа нь өнөөдрийн хачиргүй үнэн.
Посткоммунист хандлагатай
улстөрчдөө сонгосон хэвээр аж төрвөл дэлхийн улс гүрнүүдийн элдэв дэмжлэгээс хаягдаж, мөнхийн хоёр хөршийнхөө арга, эвийг харсан хэцүүхэн улс болох тавилан ойрхон харагдаад байна гэчихэд дэгсдүүлсэн болохгүй. Төр нь авторитар, иргэд нь хязгаарлагдмал эрхтэй амьдрах хэцүү сонголттой нүүр тулах эрсдэл хаалга тогшиж байна. Сүүлийн жишээ гэхэд хойд хөрштэй хамтарч хийж буй цэргийн сургуулилт. Восток 2022-т оролцсон нь сүүлийн гучин жилийн манай гадаад бодлогын хамгийн том алдаа гэж харах хүн олон байгаа. Япон улсаас манай улсад суух Элчин сайдаар ажиллаж явсан эрхэм хүртэл “Монголын хандлага жаахан өөрчлөгдсөн, гурав дахь хөршийн бодлого нь суларсан гэж судлаачид үздэг. Би ч бас тэгж харж байна” гэсэн утгатай үг унагасан нь жирийн нэг байр суурь биш. Дэлхийгээрээ дайн өдөөгч улсад, тухайн улсын жирийн иргэдэд хүртэл хатуу хориг тавиад эхэлсэн ийм цагт улсынх нь удирдлага ийм хөнгөн гоомой шийдвэр шийдэл гаргаад суувал хатуу хэцүүг нь хэн үүрэх вэ? Өмнө хэлсэнчлэн жирийн монголчууд л хүнд бэрхийг нь үүрнэ. Харамсалтай нь тийм хэцүү цаг ирвэл жинхэнэ буруутан нь харалган эрх баригчид биш. Тэднийг сонгосон жирийн иргэд л жинхэнэ буруутан нь. Булзах аргагүй хатуу үнэн гэвэл энэ л байна даа.