Сэлэнгэ аймгийн МАН-ын хороо Л.Гантөмөрийн яриаг эсэргүүцэж мэдэгдэл гаргажээ
Уг мэдэгдэлд: "Сүүлийн өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын дарга асан Л.Гантөмөр нь 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Өрөг.mn сайтын "Өрөг" нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн үг, тайлбар олон нийтийн сүлжээгээр түгэн тархаж, Сэлэнгэ аймгийн ард иргэдийн дунд бодит бухимдал, зүй ёсны дургүйцлийг үүсгээд байна. Тодруулбал, уг ярилцлагын үеэр Сэлэнгэ нутгийн иргэдийн газар тариалан эрхлэх чадварыг тэдний "угсаа, цус, хятад өвөг дээдсийн гарал үүсэл"-тэй холбоотой мэтээр тайлбарласан нь бодит байдалд нийцэхгүй, түүхэн болон шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй бөгөөд нэг нутгийн иргэдийн нэр төр, түүхэн бүрэлдэхүүнийг бүхэлд нь гажуудуулан ойлгуулах агуулгатай байлаа.
Сэлэнгэ аймгийн ард иргэд нь хэн нэгэн гадаад угсаатанд хамаарах бус, Монгол Улсын түүхэн хөгжлийн явцад бүрэлдэн тогтсон, Монголын олон ястны нэгдмэл бүрэлдэхүүн, эх орныхоо өнцөг булан бүрээс суурьшсан иргэдээс бүрдсэн нутаг юм.
Сэлэнгэ бол Монголын төр, нийгмийн хөгжлийн тодорхой үе шат бүрд ард иргэдийн нүүдэл, суурьшил, хөдөлмөр, бүтээн байгуулалтаар төлөвшин бий болсон Монголын нэгдмэл нийгмийн бодит тусгал билээ. Ялангуяа социализмын бүтээн байгуулалтын он жилүүдэд Сэлэнгэ аймагт улсын хэмжээнд хамгийн олон газар тариалангийн сангийн аж ахуйнууд шинээр байгуулагдаж, Монгол орны бүхий л аймаг, сумдаас илгээлтийн эзэн мянга мянган залуучууд ирж суурьшин, атар газар эзэмшиж, эх орныхоо талх тариа, хүнсний ногооны дийлэнх хувийг үйлдвэрлэн, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын суурийг тавьж ирсэн түүхтэй. Өнөөгийн Сэлэнгийн газар тариалангийн уламжлал, чадавх, соёл нь аливаа "угсаа, цус"-наас бус, олон үе дамжсан хөдөлмөр, мэдлэг, туршлага, төрийн бодлого, шинжлэх ухаан, практикийн уялдааны үр дүн юм.
Өнөөдөр Сэлэнгэ аймаг Монгол орны газар тариалангийн гол бүс бөгөөд эх орныхоо үр тарианы 50%, хүнсний ногооны 30 орчим %-ийг хангаж байна.
Ийм бодит түүхэн үнэнийг үл харгалзан, нутгийн иргэдийн хөдөлмөр, амжилтыг хятад угсаа гарлын асуудалтай холбон тайлбарлах оролдлого нь нийгмийг ялгаварлан хуваах аюултай, улмаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн тэгш эрх, үндэсний эв нэгдлийн үнэт зүйлсэд ноцтой харшилж байна. Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хороо нь нутгийн ард иргэдийн нэр төр, түүхэн үнэн, хөдөлмөрийн бахархлыг хамгаалах нь улс төрийн байгууллагын ёс зүйн үүрэг гэж үзэн:
Монгол Улсын иргэдийг угсаа, гарал үүслийн асуудлаар ялгаварлан үнэлсэн, шошголсон Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын дарга асан Л.Гантөмөрийн эл үйлдлийг эрс буруушааж байна.
Нийгэмд нөлөө бүхий улс төрийн албан тушаал хашиж байсан, олон нийтэд хандсан байр суурь илэрхийлж буй этгээдүүд үг хэлэхдээ хариуцлагатай, баримтад тулгуурласан, эв нэгдлийг дээдэлсэн хандлага баримтлах ёстойг хатуу сануулж байна. Монгол Улсын хөгжил дэвшил нь иргэдээ угсаа, гарал үүслээр нь ялгах бус, нэгдмэл үнэт зүйл, харилцан хүндэтгэл, шударга хөдөлмөрийг эрхэмлэсэн үзэл санаанд тулгуурлаж ирсэн билээ. Энэхүү суурь зарчмыг аливаа улс төрийн богино хугацааны ашиг сонирхлоос дээгүүр тавих нь төрийн болон улс төрийн байгууллага, улс төрч бүрийн хариуцлага гэж үзэж байна." гэжээ.

