М.Нямсүрэн: Орон нутагт 28, нийслэлд 13 сургууль бүрэн цахимд шилжээд байна

369
 
МХЕГ-аас бэлтгэн гаргадаг “Байцаагчийн нэг өдөр” ярилцлагын зочноор тус газрын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгснийг хүргэж байна.
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбогдуулан хяналт шалгалт хийж байгаа. Шалгалтын явц, үр дүн ямар байна?
-МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгах урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна.
Эхний шатны буюу сургалтын орчны аюулгүй байдал, сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалт, хангамж хүрэлцээ, шинэ хичээлийн жилийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулахад чиглэсэн шалгалтыг наймдугаар сарын 11-нээс есдүгээр сарын 3-ны хугацаанд хийсэн. Хоёр дахь шатны хяналт шалгалт сургалтын байгууллагын эрүүл ахуйн нөхцөл шаардлага, үдийн хоолны үйлчилгээ, сургууль орчмын бүсийн худалдаа үйлчилгээ рүү чиглэх ба есдүгээр сарын 17 хүртэл үргэлжилнэ. Уг шалгалтад сургуулийн өмнөх боловсролын 478, ерөнхий боловсролын 271 байгууллага болон 33 дотуур байр, 8 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, 2 их, дээд сургууль хамрагдаад байна. Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хамрагдалт 70, ерөнхий боловсролын хамран сургалт 98 хувьтай байна.
-Цар тахлын нөхцөл байдлын улмаас нэг ангид суралцах хүүхдийн тоог цөөрүүлсэн. Энэ асуудал багшлах боловсон хүчний нөөц, хүрэлцээ хангамжид хэр нөлөөлж байна вэ?
-2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 122 сургуульд 923, 146 цэцэрлэгт 649, нийт 1,572 багш, ажилчдын сул орон тоо зарлагдаж, сонгон шалгаруулалт явуулсан. Орон нутагт технологи, хөгжим, математик, бага ангийн багш дутагдалтай, сул орон тоо зарлагдсан хэвээр байна.
Шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдэд арга зүйчгүй, үйлчлэгчийн орон тоогүй, эмчгүй байгаа нь короновирусын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна.
-Хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлснээс хойш цар тахлын нөхцөл байдал ямар байна вэ, сургалтын байгууллагуудад?
-Одоогийн байдлаар цар тахлын улмаас танхимын сургалтаас цахимд шилжсэн цэцэрлэг орон нутагт 112, нийслэлд 18 байна. Ерөнхий боловсролын сургуулийн тухайд орон нутагт 100 хувь цахимд шилжсэн 28, зөвхөн бага ангиуд нь цахимд шилжсэн 106, нийслэлд 13 сургууль бүрэн цахимд шилжсэн байна.
Боловсрол, шинжлэх ухааны яамны 2021 оны есдүгээр сарын 7-ны өдрийн мэдээллээр багш болон 12-оос дээш настай сурагчдын 90 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна. Тодруулбал, нийслэлийн ЕБС-ийн 12-17 насны хүүхдийн 86.6 хувь нь 1 дүгээр, 70.4 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан. Танхимын сургалтын үед сургууль, цэцэрлэг бүрт коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний баг ажиллаж, тухайн сургалтын байгууллагын онцгой комиссын үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.
-Энэ хичээлийн жилийн бэлтгэл үйл ажиллагаа өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог байна вэ?
-Хэдийгээр КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа ч түүнийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн Газар, БШУЯ-аас сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө гарган бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг эхлүүлээд байна. Энэ хүрээнд дараах шинэлэг бөгөөд ололттой ажлууд хийгдсэн. Тухайлбал:
  • 2021-2022 оны хичээлийн жилд “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц ерөнхий боловсролын 30 сургуульд сэтгэл зүйч, нийслэлийн 25 цэцэрлэгийн 60 бүлэгт туршилтаар ээлжийн багш ажиллуулж эхэллээ.
  • Суралцагчдын нас биеийн онцлогт тохирсон эрүүл, шим тэжээллэг хоол хүнсийг тэнцвэртэйгээр хүргэх боломжийг ханган 1-5 дугаар ангийн 381 мянган хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдахаар боллоо.
  • Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтоосон хугацаанд хийж, цар тахлын үед нийтийн тээврийн үйлчилгээнд мөрдөх түр журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллахаар нийслэлийн ерөнхий боловсролын 29 сургуулийн сурагчдад 37 чиглэлд 37 автобус үйлчилж байна.
  • Нийслэлд 2021-2022 оны хичээлийн жилийн бодлого, зорилт, сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга, сургалтын арга зүйн мэдлэг,чадварыг нэмэгдүүлэх цахим сургалтыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 22,556 багшийг хамруулан зохион байгуулсан, сургууль, цэцэрлэгүүд цахим сургалт, теле хичээл зохион байгуулах боломж, туршлагатай болсон зэрэг ололттой олон ажлыг хийж бэлтгэл хангасан байлаа.
-Жилийн жилд барилга байгууламжийн хүрэлцээгүй байдлын улмаас сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хамрагдалтын асуудал хөндөгддөг. Энэ жилийн тухайд ямар байна?
-Сайн тал нь энэ онд нийслэлд 8 ерөнхий боловсролын сургууль, 2 бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор, 16 цэцэрлэг, 1 дотуур байр ашиглалтад орж цэцэрлэгийн хүчин чадал 2,700 ороор, сургуулийн хүчин чадал 5,900 суудлаар нэмэгдлээ. Мөн сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, барилгын засварын ажил хугацаандаа дуусаагүй асуудал ч гарлаа. Тухайлбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 24-р цэцэрлэгийн их засвар тендэртэй холбоотойгоор хугацаа хоцорсон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэг, Хүдэр сумын цэцэрлэг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр цэцэрлэг, Дундговь аймгийн Мандалговь сумын 3-р цэцэрлэг, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын цэцэрлэг, Хэрлэн сумын 3-р цэцэрлэг, Говь-Алтай аймгийн төвийн 3,5,8 дугаар цэцэрлэгийн засвар, өргөтгөлийн ажил дуусаагүй байгаагаас хичээл эхлэх боломжгүй байна.
Нийслэлд энэ хичээлийн жилд 69 сургууль, цэцэрлэгт их засвар хийхээр төлөвлөсөн ч 20 сургууль, цэцэрлэгийн засварын ажил 81 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Нийслэлд шинээр баригдсан төрийн өмчийн 6 цэцэрлэг улсын комисс бүрэн хүлээж аваагүй, 6 аймгийн 10 цэцэрлэг, 1 ерөнхий боловсролын сургуулийн барилгын засварын ажлын гүйцэтгэл 50 хувьтай байгаа зэрэг шалтгаанаар хичээл эхлээгүй.
-Шинээр ашиглалтад орсон сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа жигдэрсэн гэж ойлгож болох уу?
-Сайхан барилга байгууламж шинээр ашиглалтад оруулж байгаа нь сайн хэрэг боловч сургалтын үйл ажиллагаа жигдэрсэн гэж үзэх боломжгүй байна. Нийслэлийн 297, 301-р цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдоогүй, 63 дугаар цэцэрлэгийн шинээр ашиглалтанд орсон 2-р байрыг сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд нэмэлт бичилт хийгээгүй, орон тоо батлагдаагүй, зөөлөн эдлэл, ширээ сандал, тоног төхөөрөмж, тоглоом наадгай олгогдоогүй, 302, 297-р цэцэрлэг цахим хичээл явуулах техник хэрэгслээр хангагдаагүй байна. Увс, Баян-Өлгий, Орхон аймгийн хүүхдийн цэцэрлэгүүдийн тоглоом наадгайн хангалт 40 хувьтай, шинээр баригдсан цэцэрлэгүүдийн сургалтын хэрэглэгдэхүүн дутагдалтай байна.
Ерөнхийд нь харвал хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд цэцэрлэгүүд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан гадна тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах үүднээс засвар үйлчилгээ, будаг замаск хийж өнгө үзэмжээ сайжруулсан, анги танхимын тохижилт 90 хувь, гадна тоглоомын болон биеийн тамирын талбайн тохижилт, стандартын шаардлага хангалт 60 хувьтай байна.
Цаашид Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын хоцрогдол арилгах, нөхөх хөтөлбөрийн агуулга боловсруулах, суралцагч бүрийн гарааны үнэлгээг хийх, мэдлэг, чадварыг оношлох, тест боловсруулж, хоцрогдлыг хэрхэн нөхөх талаар Боловсролын хүрээлэн, аймаг, нийслэлийн Боловсролын газар, Боловсрол, соёл урлагийн газрын аргазүйчид мэргэжлийн туслалцаа үзүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулж ажиллах шаардлагатай байна.
Багшийн ажлын ачааллыг хянах, багш, суралцагчдын сэтгэл зүй, эцэг эхчүүд хүүхэдтэй ажиллах арга барилд суралцахад хамтарч ажиллаж, туслалцаа үзүүлэхэд анхаарах. Мөн эрсдэл өндөртэй энэ үед сургалтын үйл ажиллагаанд оролцогч бүх талууд сургуулийн захиргаа, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчид тус бүрдээ үүрэг хариуцлагаа өндөржүүлж хамтран ажиллах нь юу юунаас илүү чухал болоод байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn