Гурав дахь тунгийн дархлаажуулалт эхэллээ
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо. Аймгийн хэмжээнд коронавирусний тархалтын байдал буурахгүй байна. Энэ цаг үед сургууль,цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэйхолбоотойгоор багш,хүүхдүүд хэн хэнээсээ хамааралтайгаар эрсдэлтэй нүүр тулж байнагэдгийг АОК-ын дарга Ш.Оргилонцоллоо.
Хурлын эхэнд коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалт, нөхцөл байдлын мэдээллийг аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од танилцуулсан.Тиймээс ч тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой болон бусад салбар чиглэлийн ажилтан албан хаагчид, иргэдийг өөрсдийнх нь саналд тулгуурлан маргаашаас эхлэн 3 дахь тунгийн дархлаажуулалтад хамруулах ажлыг эхлүүлэхээр боллоо. Халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулалттайгаар хэрэгжүүлж ажиллахыг ажлын хэсгийн ахлагч, аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа, аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга нарт үүрэг болголоо.
Хурлаас Сүхбаатар суманд коронавируст халдвар /Ковид-19/-аар өвдөж гэрийн эмчилгээ хяналтад байгаа иргэдэд хүрч үйлчлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлэхийг аймгийн ЭМГ-т даалгалаа. ЭМГ-аас өөрсдийн хүн хүчний нөөцөд тулгуурлан 4 ээлжээр баг гаргаж, тодорхой хуваарийн дагуу иргэдэд очиж үйлчлэхээр төлөвлөж байгаагаа танилцуулав.
Аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил: “Өрхийн эрүүл мэндийн төвийн асуудал, түргэвчилсэн, PCR шинжилгээ авч үйлчилж байгаа ажилтнуудын харилцаа хандлагын талаар иргэдээс санал гомдол гарсаар байна. Та бүхэн маань цаг наргүй тэргүүн эгнээнд зүтгэж байгааг бүгд мэдэж байгаа. Бас та бүхнээрээ бахархаж талархаж байгаа. ЭМГ, Нэгдсэн эмнэлэг хоёр маш сайн уялдаатай ажиллаххэрэгтэй. Ер нь эрүүл мэндийн салбар хаа хаанаа харилцан уялдаа хамааралтай, ёс зүйтэй, зөв харилцаа хандлагатай ажиллах ёстой. Энэ байдалд онцгой анхаараарай” гэлээ.
Мөн хурлаас Мэргэжлийн байгууллагуудад өвөлжилийн бэлтгэл ажилд онцгой анхаарч, дутуу бүхнээ цаг гайгүй байгаа дээр гүйцээхийг, ургац хураалтад дутагдалтай хүн хүчийг гаднаас авч ажиллуулж байгаа аж ахуйн нэгжүүд дүрэм журмыг ягштал баримталж хариуцлага өндөртэй ажиллахыг үүрэг болголоо.