Ж.Од: Халдвар авсан хүмүүсийг эрт илрүүлж байгаа учраас биеийн байдал харьцангуй хөнгөн байна

414
Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын дарга, аймгийн Онцгой комиссын гишүүн Ж.Одтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарынхан нөхцөл байдлын үед ямар зохион байгуулалтад орж ажиллаж байгаа вэ?
-Коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш Сэлэнгэ аймагт тодорхой хугацаанд халдвар илрээгүй, ногоон бүс байсан. Гэвч 4 дүгээр сарын 29-нд дахин халдварын тохиолдол илэрсэн. Энэ үеэс өнөөдрийг хүртэл нийтдээ 200 орчим хүн халдвар авч өвчилсөн байна. Эдгээр хүмүүсийг бүгдийг нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт эмчилж байгаа. Өвчлөлийн хугацаа, тухайн иргэний биеийн байдлаас шалтгаалаад эмчилгээний хугацаа тодорхой байдаг. Яг одоогоор бол ковидын тасагт хоёр баг, 2 тасагт ажиллаж байна. Энд 40 гаруй хүн бий. Үндсэндээ нэг тасагт 20-25 хүн эмчлэхээр тооцож зохион байгуулдаг. Сэлэнгэ аймгийн ЭМС-ын хамт олон багийн зохион байгуулалтад орж ажиллаж байна. Жишээ нь ковидын тасагт эмчилгээний баг болж ажиллахын зэрэгцээ урьдчилан сэргийлэх, оношлох багууд бүх газарт ажиллаж байна. Түүнчлэн халдвар тархсан бүс нутгуудаас Сэлэнгэ аймаг руу орж ирэх постуудад хяналт тавьж байна. Одоогоор дархлаажулалтын ажлыг зохион байгуулан оролцож байна.
-Эрсдэлтэй нөхцөлд ЭМС-ынхан илүү цагаар маш их ажиллаж байгаа. Энэ хүмүүст илүү цагийн хөлсийг нь тухай бүрт нь олгож чадаж байна уу? Амралт, ажлын хуваарийг хэрхэн зохицуулж анхаарч байна. Маш олон хоногоор үр хүүхэд, ар гэрээ орхин зүтгэж байгаа?
-Ерөнхийдөө ЭМС-хан маань их ажиллаж байгаа. Нөхцөл байдал хүнд байна. Илүү цагийн хөлсийг тухай бүрт нь асуудлыг шийдээд явж байна. Тухайлбал эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу яг халдвартай бүсэд ажилласан тохиолдолд тухайн цалинг 3 дахин нэмж олгох гэх мэт бүрэн дүүрэн хийгээд явж байна. Манайд одоогоор гарсан асуудал байхгүй. Энэ санхүүжилтийг цаг тухайд нь манай дээр оруулж өгч байгаа. Эрүүл мэндийн яам, мөн зарим боломжгүй үед нь эндээс зохион байгуулаад, аймгийн Онцгой комисс санхүүжүүлээд явж байна.
-Сэлэнгэ аймагт эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал ямар байна. Хүндрэх тохиолдол гарвал ямар арга хэмжээ авах вэ? Цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил?
-Манай ковидын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийг бид ерөнхийдөө эрт илрүүлж байгаа учраас биеийн байдал харьцангуй хөнгөн байгаа. Хэрвээ хүнд, маш хүнд болоод ирвэл ХӨСҮТ рүү холбогдоно. Тийм нөхцөлд хийх тээвэрлэлт бэлэн байдлыг бүрэн хангасан. Одоогоор манайд эмчлүүлж байгаа хүмүүс дотор хүндэвтэр хүмүүс байгаа ч хүндэрсэн тохиолдол байхгүй. Энэ бол эрт илрүүлэг, аймгийн Онцгой комисс, сумдын Онцгой комисс, Эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагаа, зөв зохион байгуулалт гэж үзэж байна.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар хойшдоо тухайн бүс нутагт тархсан тохиолдолд хэдий хэмжээний өвчлөл гарах вэ гэсэн урьдчилсан тооцоолол гаргасан байгаа. Түүнд таарсан орны бэлэн байдлыг зохион байгуулдаг. Жишээ нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 150 ор бэлэн байдалд ажиллаж байна. Мөн Мандал суманд 100 орчим ор, Сайхан сумын ЭМТ-д одоогоор 30 ор бэлэн болсон. Одоогоор нөхцөл байдал тийм ч хүндрээгүй байгаа учраас аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээний тасагт зөөвөрлөн авчирч эмчилгээг хийж байна. Сайдын тушаалд заасны дагуу нийт өвчлөх магадлал бүхий тооцоолол, нийт дэлгэсэн орны 15 хүртэлх хувийг яаралтай тусламж, сэхээн амьдруулахын орыг бэлэн байдалд оруулах ёстой. Энэ асуудалд аймгийн Онцгой комисс онцгой анхаарч аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр 15 ортой сэхээн амьдруулах тасгийг нээсэн. Энд аймгийн Онцгой комиссоос нийтдээ 107 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, бүхий л тоног төхөөрөмж, амьсгалын аппарат, хяналтын монитор өгсөн. ЭМЯ-наас мөн тусалж дэмжсэн. Мөн "Дэлхийн зөн Монгол" ОУБ-аас зөөлөн эдлэл болоод халдваргүйтгэлийн гэрэл хандивласан.
-Сүүлийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сум голомтын бүс болоод байна. Энд хаанаас ингэж голомтолж гарах болов. Энэ талаар тодруулахгүй юу?
-Мандал суманд Түнхэл, Хэрх тосгон гээд нийтдээ ордог.  Сүүлийн үед голомтлох маягтай гараад байгаа газар бол Хэрх тосгон. Энд зөөвөрлөгдөөд ирж байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот болон бусад халдвар бүхий бүс нутгуудаас ирж байна. Манайх чинь уул уурхайн болоод газар тариалангийн нутаг. Тэнд ажиллахаар ирж байгаа хүмүүс халдвар тээгээд ирж байна. Ийм учраас үүнээс үүссэн голомтууд тэнд бий болоод байгаа юм.  
-Халдварын голомтод ажиллах эмч, мэргэжилтнүүдийн хүрэлцээ, хангамж манай аймагт хэр байдаг юм бол?
-Сэлэнгэ аймгийн ЭМС-т нийтдээ хувийн хэвшил, төрийн байгууллага нийлээд 1200 орчим эмч, ажилтнууд байдаг. Нарийн мэргэжлийн эмч гэвэл яг энэ нөхцөл байдлын үед дутагдалтай байгаа. Жишээ нь талбарын тархвар судлаач, халдвар судлаач гээд. Мөн нэн тэргүүнд бидэнд дутагдаж байгаа зүйл бол лаборатори. Лаборатори хоногтоо 300-500 шинжилгээ хийж байна. Энэ бол маш өндөр тохиолдол. Гэхдээ Сэлэнгэ аймгийн хэмжээнд ганцхан лабораторийн эмч, 2-хон лаборант бэлтгэгдсэн ажиллаж байна. Энэ хүмүүсийн ачаалал их байгаа. 
-Сэлэнгэ аймаг иргэдээ дархлаажуулах ажлыг маш шуурхай зохион байгуулж байна. Энэ ажлын талаар тодруулаач?
-Одоо манай аймагт халдвар бүртгэгдээгүй 4 сум байна. Иргэдээ дархлаажуулах ажил эрчимтэй, үр дүнтэй хэрэгжиж байна. Бид эхний ээлжинд 15 мянган хүн тун вакциныг нэн тэргүүнд онцгой нөхцөлд ажиллаж байгаа иргэддээ хийсэн. Иргэд вакцины ач холбогдлыг маш сайн ойлгосон байна. Сүхбаатар сум хүн ам олонтой. Тиймээс 7 сумаас баг татаж Сүхбаатар суманд ажиллуулсан.  
-Вакцины хүртээмж ямар байгаа вэ?
-Сэлэнгэ аймагт 15 мянган иргэн дархлаажуулалтад бүрэн хамрагдчихлаа. Одоо 30 мянган тун вакциныг авах хүсэлтийг  тавьсан. Тэр 30 мянган тун вакциныг авч ирэхэд стандарт шаардлага хангасан агуулах хөргөгч манайд байхгүй. Өмнө нь өргөн хүрээгээр дархлаажуулалт хийж байгаагүй учраас агуулах савны хүрэлцээ байдаггүй. Боломжоороо татаж аваад иргэддээ хийхийг ЭМЯ зөвшөөрсөн. Бид өөр аймаг, хотод эхний тунгаа хийлгэсэн иргэдийн хүсэлтийн дагуу 2 дахь тунг хийж байна. Энд хүсэлт тавьсан 800 орчим хүн байгаа.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.    
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn