Сэлэнгэ аймаг зорчих хөдөлгөөнөө хязгаарлалаа
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос Сэлэнгэ аймгаас гарах болон орох хөдөлгөөнийг 72 цагийн хугацаатай түр зогсоохоор шийдвэрлэлээ. Тодруулбал, хөдөө, орон нутгуудад халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлсэн тул болзошгүй эрсдлээс сэргийлж, халдвартай бүс нутгуудаас ирж буй иргэдийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагаас эхлэн гуравдугаар сарын 26-ны 06:00 цаг хүртэл Сэлэнгэ аймаг руу нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн байна.
Харин зайлшгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар голомттой бүсээс ирж байгаа иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулан нэвтрүүлэх юм. Халдвартай бүс нутгийн чиглэлд зорчих хүсэлтэй Сэлэнгэ аймгийн иргэдийг аймгаас гаргахгүй. Харин өөр аймаг орон нутгийн иргэдийг харьяаллын дагуу гаргахаар болжээ.