Усанд живсэн иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын оршин суугч хоёр иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон голд сэлэх гэж ороод живж осолдсон байна. Эрэн хайх үйл ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Дээрх иргэд нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам багийн иргэн эрэгтэй 70 настай А, эрэгтэй 64 настай С нар ажээ. Тэд 08-р сарын 18-ны өдрийн 16:00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Орхон” голын ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлага аймгийн Цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид хамтран, ар гэрийнхэнтэй нь цуг эрэн хайж байгаа. Дээрх иргэдийг осолдсон газраас хойд зүгт “Нүхэн гүүр” хэмээх газар хүртэл зургаан км-т нийт гурван удаагийн давтамжтай “Орхон” голын усаар завиар болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Аврагчид нийт таван удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон бөгөөд дахин хайх ажиллагааг өчигдрөөс эхлүүлээд байгаа ажээ.