Судалгаа: Гэрийн ажилд сайн хүүхдүүд ирээдүйд амжилт гаргах магадлал өндөр байдаг

15

Харвардын их сургуулийн 80 гаруй жилийн турш үргэлжилсэн судалгаагаар эцэг эхчүүд гэрийн ажлыг бага насны хүүхдүүдтэйгээ хамт хийх, тэднийг сургах нь хүүхдийг цэвэрч нямбай, аливаад хариуцлагатай болгохоос гадна аливаа ажлын аргыг олох, бие даан гүйцэтгэх чадвар зэрэгт нь сайнаар нөлөөлдөг болохыг тогтоожээ.
Харвардын судлаачид 1930-аад оноос эрэгтэйчүүдийн нэгэн бүлгийг олон арван жилийн турш судалсан байна. Тэдний гуравны нэг нь Харвардын төгсөгч, үлдсэн хэсэг нь өсвөр үеийнхэн байв. Судалгааны зорилго нь хүүхэд насандаа ямар сэтгэлзүй, нийгмийн хүчин зүйлстэй тулгарч байсан нь амжилт, сайн сайхан амьдралд хэрхэн нөлөөлдөг болохыг тогтоох явдал байжээ.
Гэр бүлийн хуваарилсан ажилд оролцсон хүүхдүүд өөрийнхөө үнэ цэнийг илүү хүчтэй мэдэрдэг аж. Ингэснээр тэд гэр бүл гэх нэгэн бүлгийн чухал гишүүн гэдгээ ойлгож, бага наснаасаа өрөвч сэтгэл, хайр халамж, хамтын ажиллагааны чадвараа хөгжүүлдэг байна.
Судлаачдын үзэж байгаагаар хүүхдүүд гэр бүлийн ажилд хувь нэмрээ оруулах үедээ бусдын хэрэгцээг анзаарч, туслах хүсэлтэй болдог. Энэ нь зөвхөн өөрийгөө бодох хандлагыг багасгаж, “дэлхий зөвхөн тэдний эргэн тойронд эргэдэггүй” гэдгийг ойлгуулахын зэрэгцээ ирээдүйн амжилтад зайлшгүй шаардлагатай хөдөлмөрийн ёс зүйг нь хөгжүүлдэг байна. Эдгээр чанарууд төрөлхийн биш ч эцэг эхийн тууштай оролцоотойгоор гэрийн ажил хийлгэх замаар төлөвшдөг ажээ.
Гэрийн ажил: Амьдралын ур чадварын суурь
Хүүхдэд гэрийн ажил даалгах нь зөвхөн гэр орноо цэвэр цэмцгэр байлгах бус амьдралд зайлшгүй хэрэгтэй ур чадварын суурийг тавьдаг. Journal of Developmental & Behavioral Pediatrics сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар 4–5 наснаасаа жижиг ажилд тусалж эхэлсэн хүүхдүүд өөртөө итгэх итгэл, өөрийгөө чадавхжуулах чадвар өндөртэй байдаг нь тогтоогджээ. Учир нь жижигхэн ч гэсэн ажлыг хийж дуусгаснаар хүүхдэд амжилтын мэдрэмж төрдөг байна.
Жишээлбэл, тоглоомоо цэгцэлж дууссаны дараа магтаал хүртсэн хүүхэд өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлдэг. Харин гэрийн ажилд оролцдоггүй хүүхдүүдийн хувьд нийгмийн ур чадвар, хичээлийн амжилт, найз нөхөдтэй харилцах чадвар болон амьдралын сэтгэл ханамжийн түвшин доогуур байдаг нь тогтоогджээ. Үүний эсрэгээр тогтмол гэрийн ажил хийдэг хүүхдүүдийн хувьд гуравдугаар ангид орсныхоо дараа хүйс, гэр бүлийн орлого, эцэг эхийн боловсролоос үл хамааран нийгмийн, боловсролын болон амьдралын ур чадвараа илүү өндөр түвшинд хөгжүүлсэн байдаг гэнэ.
Гэрийн ажил бол багийн ажил: Илүү сайн үр дүнгийн түлхүүр
Хэрэв илүү сайн үр дүнд хүрэхийг хүсвэл гэрийн ажлыг багийн ажил болгох хэрэгтэй. Жишээ нь, 5 настай хүүхдээ тоглоомоо цэгцлэхийг нь хараад суухын оронд та ч мөн адил өрөөг хамтдаа цэгцлэх нь зүйтэй аж. Энэ арга барил нь гэрийн ажлыг ганцаарчилсан даалгавар гэхээсээ илүүтэй хамтын үүрэг болгож өгнө. Үүний зэрэгцээ хүүхдэд хамтран ажиллахын чухлыг зааж өгдөг бөгөөд энэ нь тэдний ирээдүйн амьдралд ч хэрэг болно.
Энэ санаа нь агуу зүйлсийг хэн ч ганцаараа бүтээдэггүй гэх амжилтын нэгэн чухал үнэнийг харуулж байна. Бизнес, харилцаа холбоо эсвэл хувь хүний өсөлт хөгжилд ч бусдын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болдог. Тиймээс гэрийн ажлыг гэр бүлийн хамтын ажиллагаа болгон хэрэгжүүлснээр хүүхдэд багаар ажиллахын үнэ цэнийг бага наснаас нь суулгаж өгнө.
Амжилт ба аз жаргалд хүрэх энгийн зам
Хүүхдэд хөдөлмөрч зан, өрөвч сэтгэл, хариуцлагын мэдрэмжийг хөгжүүлэхэд нарийн төвөгтэй стратеги шаардлагагүй. Тэднийг тогтмол гэрийн ажилд оролцуулахад л хангалттай. Энэ нь зөвхөн карьерын амжилтыг нэмэгдүүлэх бус аз жаргал, амьдралын сэтгэл ханамжийг ч дээшлүүлдэг.
Өдөр тутмын энгийн ажлуудыг хүүхдийн хувьд сургалтын боломж болгон хувиргаарай. Ингэснээр та гэрээ эмх цэгцтэй байлгаад зогсохгүй хүүхдээ бие даасан, чадварлаг, цогц хүн болон төлөвших замд чиглүүлнэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn