Зөвлөх багш цолонд хүрэхэд олон шалгуурыг давдаг

272


Сэлэнгэ аймгаас 7 багш "Зөвлөх багш" мэргэжлийн зэрэгтэй болжээ. Тодруулбал Сайхан сумын цэцэрлэгийн багш Ю.Бадамзул, Сүхбаатар сумын ЕБ-ийн 2-р сургуулийн бага ангийн багш Ц.Сэлэнгэ, мөн сургуулийн бага ангийн багш Д.Чимгээ,  Сүхбаатар сумын ЕБ-ийн 1-р сургуулийн бага ангийн багш Л.Наранцэцэг, мөн сумын ЕБ-ийн 4-р сургуулийн бага ангийн багш Ө.Нямаанямбуу, Баянгол сумын ЕБС-ийн биологийн багш П.Батчимэг, Сүхбаатар сумын ЕБ-ийн 3-р сургуулийн мэдээлэл технологийн багш Т.Мөнхсайхан нар энэхүү эрхэм цолыг хүртсэн байна.

Ингэснээр Сэлэнгэ аймгийн зөвлөх багшийн тоо 7-гоор нэмэгдэж, 22 зөвлөх багштай болж байгаа ажээ. Зөвлөх багш гэсэн мэргэжлийн зэрэг цолыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/812 тоот тушаалаар батлагдсан “Мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын дагуу БШУ-ны сайдын тушаалаар олгодог байна. Эл журмын дагуу 4 шалгуур үзүүлэлтийг хангасан багш дээрх цолыг хүртдэг байна. Тодруулбал нэн тэргүүнд сурлагын амжилт. Энд суралцагчдын сурлагын амжилт улсын  дунджаас доошгүй байх ёстой аж. Хоёрдугаарт мэргэжил арга зүйн ур чадвар нөлөөлдөг байна. Үүнд багш нарт мэргэжил, арга зүйн сургалтыг 3-аас доошгүй удаа зохион байгуулсан байх. Мөн сургалтын чанар, үр дүнг сайжруулах, бүтээлч арга зүй технологи, шинэ санаа түгээсэн байх. Цаашлаад дагалдуулан сургасан 3-аас дээш багшийн ажлын амжилт ахисан байх. Гуравдугаарт суралцагч багш хамт олон, эцэг эх, асран хамгаалагчийн сэтгэл ханамж их нөлөөтэй гэнэ.
Энд:
-Ажлын чанар мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлагатай холбоотой үндэслэл, нотолгоотой гомдол багш, эцэг эх, асран хамгаалагчаас гараагүй байх,
-Зохион байгуулсан хичээл, сургалт, бусад үйл ажиллагааны үед эрсдэлт нөхцөл байдал, осол гэмтэл, зөрчил үүсээгүй байх,
-Ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй байх.
Дөрөвдүгээрт өөрийгөө хөгжүүлэхийн тулд хувийн төлөвлөгөө гаргаж, түүнийгээ хэрэгжүүлсэн байх зэрэг өндөр шалгуурыг давсаны дараа энэ цолонд хүрдэг байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn