Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас ишлэх нь

0

-Могой жилд худал хуурмаг гуужиж, үнэн бүхэн тодорно гэдэгт итгэж байна. Хаа сайгүй л баг хуулагдаж, прагматик чиг хандлага руу дэлхий чиглэж байна.

-“Элдэв эрдэнэт” хэмээх могой жил монголчуудын хувьд Үндэсний баялгийн сан элдэв эрдэнээр баяжиж, иргэдийн хадгаламж болсон хуримтлалын сан арвижиж, төрийн үйл хэрэг, түмний санаа нэгэн талдаа гарна гэж бэлгэшээж байгаа

-Дэлхийн бүх улс л голлох хөгжлийн үзүүлэлтээ тоогоор хэмждэг. Тооны дараа чанар яригдахаас биш тоо байхгүй чанар гэж байхгүй. 2021 онд 43 их наяд байсан дотоодын нийт бүтээгдэхүүн энэ жил 80 их наяд болсон. 40 литрийн бидон 80 литрийн “поошиг” болох чамлахааргүй үзүүлэлт.

-Засгийн газраас зарласан 14 мега төслийн 50 хувь нь хэрэгжиж эхэлбэл дотоодын нийт бүтээгдэхүүн 200 их наядад хүрэх боломжтой. Их гүрнүүдийн хоорондын худалдааны дайн зэрэг биднээс үл хамаарах хүчин зүйл байгаа ч бид зөв замдаа бас дээд хурдаараа л явж байна. Замаасаа гараад явчихгүй байх нь маш чухал.

-Улсын төсвөөс хайгуул хийгдсэн стратегийн ийм том ордын хувь хэмжээг тогтоосон эрхзүйн актуудад дүн шинжилгээ хийх нь аль ч улсын Засгийн газар, УИХ-д байх л ёстой хэм хэмжээ. Ашигт малтмалын даргаар ажиллаж байсан нөхөр ийм хэмжээний ордын лицензийг өөр дээрээ авах эрхтэй байсан уу? Засгийн газар тогтоол биш тэмдэглэлээр эрх шилжүүлэх нь эрхзүйн акт мөн үү?

-Засгийн газар “Кока кола, “Юнител” эсвэл “Скай резорт”, “Шангрила”-гийн түрээсийн асуудалд орооцолдоод байгаа зүйл огт биш, стратегийн орд хуулийн дагуу очсон эсэхийг л нягталж байгаа юм.

-Дэлхийн улс орнуудад Баялгийн сан анх байгуулагдахад олон асуудал гарч байсныг түүх нотолдог. Манайд ч тодорхой доргилт өгнө. Гэхдээ төр доргилт бүрд цочоод байж болохгүй. Засгийн газар УИХ-аар батлагдсан хуулийг л хэрэгжүүлж байна. Хууль тэгш үйлчлэх Үндсэн хуулийн зарчимтай
 
-Прокурорын зөвшөөрөлгүй хэн ч хуулиас давж, иргэдийн хувийн мэдээлэлд халдах, тусгай төхөөрөмж ашиглан гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхгүй. Тиймээс цэгцлэх нь зүйтэй.

-Хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан дарга нар хувийн компанид ажиллах нь хувь хүний сонголт боловч цаашид анхаарах л ёстой асуудал.

-Том төслүүд хөдөлж байгаа нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэх суурь боломжийг бүрдүүлж байгаа сайн талтай. “MCS” гэдэг компанитай санал зөрөөд байгаа зүйл юу ч байхгүй. Ганцхан стратегийн орд тойрсон асуудал л байна. УИХ-аар маргаантай асуудлуудыг оруулаад цаг алдалгүй шийдэл гаргах нь зүйтэй гэсэн зарчмын байр суурь юм.

-Бүхэлдээ хувийн хэвшилд жам ёсны бизнесийн эрүүл орчин, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, хууль тэгш үйлчилдэг эрхзүйн орчин хэрэгтэй. Тэрнээс нэг хэсэг нь хуулиас дээгүүр, нөгөө хэсэг нь төрийн хүнд суртлын дор. Зарим нь төрөөс илүү мэдээлэлтэй, нөгөө хэсэг нь хүсээд ч мэдээлэл авч чадахгүй бол жам ёсны бизнесийн эрүүл өрсөлдөөн үүсэхгүй

-Тавантолгойг бүхэлд нь авах санаархал тухайн үед биелээгүй нь ёстой л Монголын заяа.

-2004 онд хоёр улсын Засгийн газар хоорондоо гэрээ байгуулаад, Тавантолгойн нүүрсээрээ төмөр замын тал өртгөө төлнө гээд явсан бол дотоодын нийт бүтээгдэхүүн аль эрт 10 мянган ам.долларт хүрчих байлаа.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр зурагдсан. Тэгээд оройдоо Монголд улс төр өрнөж эхэлсэн дээ.

-Ингэхэд намайг жүжигчин бүсгүйтэй Солонгост хурим хийсэн гэдэгт чи хэр итгэж байгаа вэ

-Х.Баттулга гэж хүнтэй үзэл бодол таардаг, таардаггүй зүйл олон бий. мань хүнийг Ерөнхийлөгч байх үед хойд талын хар овоохой гэдэг шиг Нямбаа бид хоёр л сөрж зогсдог байсан байх. Яг бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үед нь одоо бүлтрээд байдаг нөхдүүд урт урт хадаг, бурхан барьчихсан л ордонд явж байдаг байсныг санадаг л юм.

-Намайг муулах аргаа нэг л олохгүй байх шиг байгаа юм. Данх л гэлээ. Одоо бүр овоо дээшлүүлээд энд тэнд амьдруулаад байгаа юм байна. Ийм зохиомол мэдээллүүд хэдэн нөхрөөс л явдаг юм даа. Ардчилсан нийгэмд байх л зүйл гэж бодоод нэг их тоодоггүй.

-“Нүүх үү, үлдэх үү” лекц тавьж байх үед би Гэр бүлийн радио 104.5-д ажилладаг байлаа. Манай радиогийн туяа гээд эгчтэй хамт тэр лекцийг СD-д хувилж, ажиллаж байсан залуучууддаа өгч байсан дурсамж байдаг юм. Харвардын Кеннедийн сургуульд очиж суралцах сэдэл ч тэндээс авч байснаа нуухгүй.
 
-Ардчилсан нийгэмд нэг хэргийг хаах гэж, нөгөө хүнийг эрүүдэн шүүж зохиомлоор ял тулгана гэдэг байж болохгүй зүйл л дээ. Харамсалтай нь ийм үйлдэл болчихсон. Төр учруулсан хохирлоо нөхөн төлөх үйл явц хуулийн дагуу үргэлжилж байна.

-Зөвхөн Б.Булган биш ээ. Маш олон хүний амьдралын цаг хугацааг бүхэлд нь сүйрүүлсэн. Би торлогдчихсон зүрхийг чөлөөлөхийг л хүссэн юм. Ийм том асуудлыг хариуцлагатай ажил хийж, юу болсныг нь мэдчихээд, нүдээ аниад яваад байвал хожим өөрийгөө үзэн ядахаа мэдэж байсан. тэгээд л гаргаж тавьсан

-Энэ 21-р зууны хамгийн жигшүүрт хэлмэгдүүлэлт гэдгийг хариуцлагатай хэлье. Лхүмбийн хэрэгтэй дүйцэхүйц хэрэг болсон. Цаг хугацаа бүгдийг шүүнэ

-Ардчилсан нийгэмд гишүүд үзэл бодлоо илэрхийлэх, хуулийн дагуу бүрэн эрхээ эдлэх өөрийнх нь л бүрэн эрх.

-Улс төрд шинэ салхи оруулах гэж нийгмийн төлөөллийг оруулсан. Жагсаалтыг эрэгтэй, эмэгтэй хүйсээр 1:1 харьцаагаар хийх гэж бас л нэлээд зүйл өрнөсөн. Үр дүндээ сэтгэл хангалуун байгаа. Мэдээж шинэ тогтолцоо тодорхой хэмжээнд хордлого өгөх зүйл байлгүй яахав.

-Том зургаараа шинэ парламент эхний намрын чуулганаараа гацсан томоохон төслүүдээ ихэнхийг нь хөдөлгөж чадлаа. Гол үр дүн энэ шүү дээ. Бусад зүйл тэгээд цагийн аясаар өөрчлөгдөнө.

-Анх удаа 126 гишүүн сонгогдсон болохоор том хэмжээнд үеийн өөрчлөлт хийгдсэн. Дараа ийм өндөр хувиар дахин шинэчлэгдэхгүй байх.

-Намууд илүү бодлогоор өрсөлддөг, парламентын мэтгэлцээн өрнөдөг, популизм багатай, бүтээн байгуулалт өрнөдөг гээд давуу талууд бий болно. Бүх зүйлийн суурь бол тогтолцоо. Юутай ч Монголын парламентын түүх 1992-2024, тэгээд 2024 оноос хойш гэж бичигдэнэ. Сайн ба саар байх нь харин бид бүгдээс л хамаарна.

-Хамтрах нь хүнд үү гэвэл хүнд. Удаан амьдарсан гэр бүлийн гишүүдийн дунд хүртэл асуудал гардаг байхад өөр өөр үзэл санаа, өөр өөр үнэт зүйл, өөр өөр улс төрийн соёл хамтран ажиллана гэдэг сорилт. Гэхдээ хурдтай хөгжлийн төлөө гаргах ёстой, төлөх л ёстой үнэ цэн

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирээд шүүх дээрээ учраа олчих хэрэгтэй дээ. Өөрөө ирэхгүй бол хөөгдөж ирж ч магадгүй нөхцөл үүсч байх шиг байна шүү.

-Ерөнхий сайдын албыг хамгийн товчоор тодорхойл гэвэл юу гэж хэлэх бол? -Олон улс, ордон, олон нийт гэсэн гурван динамикийн дундах цэг ч гэх юм уу. Гэхдээ гачлантай нь энэ гурав өөр өөр тийшээ зөрж эргэдэг урвуу хамааралтай.

-Дэлхийг хамарсан дайн зөрчил, худалдааны хориг арга хэмжээнээс хэн ч хожихгүй.

-Вэнс бол Ерөнхийлөгчдөө хань болж, гал авч чаддаг, итгэл үнэмшилтэй залуу лидер. Ийм хүмүүс улс төрд ер нь амьдралд их цөөхөн байдаг юм аа. Ихэнх нь лидерээ шимэгчилж, сайхан үед нь хамт байж, саар үед нь шалтаг гарган зугтаж амьдардаг. Би ч тэргүүн эгнээнд гал авах дуртай болоод ч тэр үү, таалагдаад байгаа. Итгэл үнэмшил нь тодорхой хүмүүс худлаа биш үнэн байдаг

-Залуу Вэнс шиг галыг өөр дээрээ аваад зоригтой алхмууд хийж чаддаг манай Х.Нямбаатар, Н.Учрал, Ц.Туваан, О.Алтангэрэл гээд байна, байна. Бас ажлын ардуур үлдээд байдаг шимэгчид ч байгаа. Ер нь Ерөнхий сайд хүн хэн яаж ажиллаж байгааг хараагүй ч мэдэж байдаг. Хийсэн ажлын үр дүнгээр нь шууд уншигдаж байдаг

-“Алсын хараа 2050” бодлогод тусгагдсаны дагуу шинэ эдийн засгийн бүтэц бий болгох гурван шилжилт буюу хүний нөөц, AI-хиймэл оюун ухаан, ногоон шилжилтийг бүх салбарт хийх явдал. Хоёрдугаарт, нийслэлийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, түгжрэл, агаарын бохирдлыг 50 хувиас доошгүй багасгах, гуравдугаарт, Үндэсний баялгийн сан ба орон сууцжуулалт. Гэр хорооллыг амины орон сууц болгох концепц багтаж байгаа. Дөрөвдүгээрт, бизнесийн, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ажиллагааг олон улсын жишгээр шинэ түвшинд гаргах, тавдугаарт, бүсчилсэн хөгжил ба хот хөдөөгийн ялгааг багасгах ажлуудыг нэрлэнэ. 14 мега төсөл энэ бүгдийн санхүүгийн баталгаа учраас туйлын чухал.

-Эдийн засгийн гол түнш БНХАУ-тай олон томоохон асуудлыг шийдвэрлэж чадсандаа сэтгэл хангалуун байгаа. Энэ бол харилцан итгэлцэл. Ер нь монголчууд бид хөрш оронтойгоо ойлголцож чадахгүй бол хэнтэй ч ойлголцож чадахгүй. 

-Бид мөнхийн хөрш орнуудаа илүүтэй ойлгох учиртай. ОХУ, БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх гурван улсын төслүүд болох хийн хоолойн төсөл, төмөр замын баруун зүүн корридорын төсөл Засгийн газрын дараагийн гол фокус байх болно.
 
-Миний хувьд дүгнэгдэх хугацаа болоогүй байна. 

-Өнгөрсөн хугацаанд олон л зүйлийг байр байранд нь тавихыг хичээлээ. Бараг л давхарга тогтож, кастын систем рүү орохоо дөхчихсөн байсан. Улс төрд хунтайж нар, бизнесийг өв залгамжлагчид л авч явдаг энэ байдал даамжраад каст руу орчихвол эргэж засагдахгүй.

-Алдаа гаргахаас айх цаг одоо биш. Харин эс үйлдэл хийхээс илүү айх учиртай.

-Том төслүүд тус бүрдээ том динамиктай. 14 мега төсөл хөдөлгөнө гэдэг 14 удаа асуудал өргөн баригдах хэмжээнд сэтгэлзүйтэй байх л хэрэгтэй. Улс төр бас тэмцэл шүү дээ.

-За даа, хов нь бодит байдлаас хамаагүй илүү байдаг юм билээ. Улс төрд бол муужгайнууд гэдэг. Хов зөөгчдийг хэлдэг юм. 

-Албан тушаал бол цаг хугацаатай харин анд нөхөрлөл амьдралын туршид үргэлжлэх мөн чанартайг мэднэ. Ер нь бид гурвын хэн нь ч нэгнийхээ дурсамжийн номд нөгөөгийнхөө тухай бичих улсууд шүү дээ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тухай бичих хүн яах аргагүй би.

-Хувь хүн өөрчлөгддөг гэж би боддоггүй. Харин нийгмийг харах өнцөг өөрчлөгддөг байж мэднэ. Би үзэл бодлоо 25 настайдаа бичээд хэвлэчихсэн хүн шүү дээ. Өөрөөсөө өөрчлөгдөнө гэж юу байхав.

-Тэгээд ном бичсэн. 25-тай залуугийн л үзэл бодол. Зөндөө алдаа бий. Гэхдээ засдаггүй, тэр ном оо. Харин 35-тай байхдаа улс орны алсын харааны тухай ном бичнэ гэж амлаад тэрэндээ нэлээд шаналсан. Гэхдээ амжсан. “Азийн хүлэг улс” номоо 2015 онд 35-тай байхдаа хэвлүүлээд өөртөө тавьсан хатуу шаардлагаасаа гарч байж билээ.

-Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд он солигдохоос өмнө жилийн төлөвлөгөөгөө цаасан дээр буулгадаг. Олон улсын байгууллагын хэвшил юм даа.

-Саяын шинэ жилээр дэлхийд төрт улс үүссэн орнууд, шашин бүрэлдсэн газар бас хүн төрөлхтний бий болгосон гайхамшигт газруудтай танилцаж, ном болгож бичих ёстой юм байна гэж эхнэртэйгээ ярилцаж байлаа. Аяллын тухай ном гэх үү дээ.
 
-Дарма Батбаяр багшийгаа хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж очих үед багш маань “Шүлгийн номоо заавал гаргаарай. Хэрэв чи ичээд байдаг юм бол хоёрхон хувь гаргаад нэгийг нь өөртөө, нөгөөг нь надад өгөөрэй” гэж байсан. Багшдаа амласан ийм өр бас байдаг аа, надад.

-Би хэвлэлийнхэнд ч, сошиалд ч идэвхтэй байсан. Бас ч гэж дажгүй жиргээчин байлаа. Ерөнхий сайд хүн тайлбар тавиад байх биш асуудлыг шийдээд явах ёстой хүн. Ер нь бүх зүйлээ, бүх хөзрөө дэлгээд байж болохгүй албан тушаал. Мега төслүүд дээр ч хамаагүй тайлбар илүү санагддаг. Тэгээд нэг хэсэг устгасан байсан хаягуудаа саяхан сэргээсэн. Аль болох нээлттэй ажиллах болно.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт элчин сайдаар ажиллах урилгыг хүргүүлж байгаа. Олон улсын жишиг. Булангийн орнуудын хөрөнгө оруулалтын асуудлаар М.Энхболд даргатай хамтран ажиллаж байгаа.

-Ерөнхий сайд бол ерөнхий мишок юм. Хүн бүр л нүддэг. Өөр бас хэнийгээ ч шүүмжлэх билээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn