СЭЛЭНГЭ: Уламжлалт шагайн наадгай нь авхаалж самбааг нэмэгдүүлэх хүмүүжлийн арга хэрэгсэл болсоор иржээ

202


Шагайн наадгайгаар тоглох нь бага насны хүүхдэд 5 хошуу малаа хайрлах, эцэг эх, ах дүүгээ хүндэтгэх, анд найзаа эрхэмлэх зэрэг олон үнэт чанарыг ойлгуулахын зэрэгцээ хүүхдийн хүмүүжил төлөвшил, бие бялдар, булчин эдийн хөгжилд нэн тустай ажээ.

Ялангуяа бага насны хүүхдийн тоо тоолох, харааг хурцлах, гарын жижиг булчин зэргийг хөгжүүлэх нөлөөтэйгөөс гадна багаар ажиллах, хүлээцтэй болох, ангилан ялгах, ажиглаж мэдэх. Цаашлаад авхаалж самбааг нэмэгдүүлэх хүмүүжлийн арга хэрэгсэл болсоор иржээ. Ингээд Монгол үндэсний тоглоом болох нийтлэг шагайн тоглоомын зарим төрлүүдээс  танилцуулъя.

-Алаг мэлхий өрөх:Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүний үдэш хүүхэд багачууд томчуулын хамтаар “Алаг мэлхий өрөх” хэмээх шагай өрөх тоглоомоор наадан ирсэн сайхан уламжлалтай юм.

Эл тоглоомыг хэдэн ч хүн тоглох боломжтой бөгөөд 92 шагайг мэлхийний бие болгон өрж нааддаг ажээ. Шагай тоглох олон төрлийн аргаас энэхүү мэлхий өрөх тоглоомыг монголчууд ихээр тоглож ирсэн байна.
-Дөрвөн бэрх:Дөрвөн ширхэг шагайг орхиход хонь, ямаа, морь, тэмээ гэсэн өөр дүрс буухыг дөрвөн бэрх гэнэ. Тоглохдоо “Найр ахаасаа, наадам дүүгээсээ” гэдэг зарчмыг баримтлан хамгийн залуугаасаа эхлэн дарааллаараа ээлжлэн дөрвөн шагайг орхиж, дөрвөн бэрх буулгасан нь хождог байна.

-Морь уралдуулах:Энэхүү шагайн тоглоомын ач холбогдол нь морио дээдлэх соёлд суралцах, амжилтад хүрэхийн тулд алхам алхмаар урагшлах ухаанд суралцах, тэвчээртэй болох, сууж сурах зэрэг олон талын давуу чанартай ажээ.

Шагайг морь талаар нь цувуулан өрнө. Тоглогч бүр өөрийн морийг сонгон авч барианаас гарган морь уралдуулна. Ингэхдээ 4 ширхэг шагайг орхиж морь буусан тоогоор урагш нүүдэг байна.
Морь буугаагүй тохиолдолд дараагийн тоглогч шагайг орхих замаар үргэлжилнэ. Барианд түрүүлж давхисан морины эзэн ялагч болдог байна.

-Шагай таалцах:Шагай тоглох олон төрөл дундаас монголчууд бидний хамгийн дуртай бас түгээмэл төрөл бол Шагай таалцах юм. Энэ тоглоомыг хэдэн ч хүн хамт тоглох боломжтой аж. Бага насны хүүхэд тоо бодож сурах, гарын хөдөлгөөн сайжрах, өрсөлдөгчөө таамаглах байдлаар аливаа зүйлийг урьдчилан харах зэрэг хүүхдийн оюуны хөгжилд өндөр ач холбогдолтой юм.

Уг тоглоомыг тоглохдоо тоглогч бүр шагайг тэнцүү хуваан авч, өөрийн гарт атгасан шагайг бусад тоглогчийн шагайтай хамт ээлжлэн таах байдлаар тоглоно. Хамгийн олон шагай цуглуулсан эсвэл бүх шагайг цуглуулсан тоглогч ялагч болдог байна.

-Андгайлах шагайн наадгай:Тоглогчид шагайг дундаа овоолно. Найр ах, наадам дүүгээсээ гэж хамгийн багаасаа эхлэн нар зөв тойрон ээлжлэн тоглоно.

Тоглоомын зарчим нь овоолсон шагайнаас дуртай тоогоор алган дээрээ авч дээшээ шидэх ба буцаан гарын ар дээр тогтоон дахин дээш шиднэ. Шидсэн шагайг буцаад буух хооронд гарын алгандаа шүүрч чадсан нь өөртөө авна.

Аль болохоор олон шагай шүүрч авахыг хичээх ба энэ мэтчилэн ээлжилсээр хамгийн их шагайтай тоглогч ялагч болно.

Тоглоомын зорилго нь гарын дүйтэй болох, Монгол соёлд суралцах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn