Хилчид үндэсний өв соёлыг илэрхийлсэн тэмцээн зохион байгуулжээ
Дөрвөн цагийн хэлхээнд төрийн хувцасаар гангарч, дархан хилийн албанд итгэл дүүрэн, сэтгэл хангалуун явдаг хилчид Монголын Үндэсний бахархал болсон дээл хувцсаар гоёж, өв соёлоо дээдлэн уламжлалт зан заншлаа сурталчилжээ. Монгол Улсын баатар, хошууч Ж.Нэхийтийн нэрэмжит Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн нөхөрлөлүүдийн дунд өнгөрсөн амралтын ням гарагт үндэсний өв соёлыг илэрхийлсэн тэмцээнийг зохион байгуулжээ.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Монгол ёс зан заншлын талаар бие бүрэлдэхүүнд мэдээлэл хийх, “Үндэсний хувцастай хос”-ыг шалгаруулах, уламжлалт монгол наадгайн тэмцээнүүдийг зохион явуулсан байна. Нөхөрлөлүүдийн дунд явуулсан Шагай няслах тэмцээнд “Эв эе” нөхөрлөлийн С.Сарангэрэл, Шагай шүүрэхэд мөн “Эв эе” нөхөрлөлийн дэд хурандаа Ч.Мөнхзолбоо ахлагчтай баг тэргүүлжээ. Мөн Зүйр цэцэн үг хэллэг тэмцээнд “Таван хан оргил” нөхөрлөлийн дэд ахлагч С.Отгонцэцэг, Шагайн харваанд “Хангарьд” нөхөрлөлийн хошууч Г.Мөнхбат ахлагчтай баг, Морь уралдуулах тэмцээнд “Харцага” нөхөрлөлийн ахмад Э.Ялалт ахлагчтай багийн хамт олон тус тус тэргүүлсэн аж. Түүнчлэн “Үндэсний хувцастай хос” шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн “Хангарьд” нөхөрлөлийн хошууч Б.Эрдэнэбаяр, ахлах дэслэгч У.Энхмандах, “Таван хан оргил” нөхөрлөлийн дэслэгч Б.Батболд, ахлах ахлагч Л.Энхтамир нарыг Ангийн захирагчийн тушаалаар 10 хоногийн цалинтай чөлөөгөөр шагнаж, урамшуулжээ.