СЭЛЭНГЭ: А.Дашзэвэг: Олон улсын жишигт нийцсэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ

121
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгтэй уулзаж ярилцлаа.

-Мандал сум өнгөрсөн онд бүтээн байгуулалтын их ажлуудыг хийсэн байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Манай Мандал сум 27 мянган хүн амтай. Сэлэнгэ аймгийн хамгийн том сум. Өнгөрсөн онд 8 тэрбум орчим төгрөгийн төсвийг бид зарцуулсан. Бид нэн түрүүнд зам, дэд бүтцийнхээ асуудалд анхаарч, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сумын хэмжээнд 3.2 км хатуу хучилттай замыг тавьсан. Сумын Засаг дарга сумынхаа хүүхэд хамгааллын багийн ахлагч гэж явдаг. Иймээс сумын хэмжээнд төсөвт байгууллагуудад камержуулалтын асуудлыг шийдээд явж байна. Өнгөрсөн жил 90 гаруй сая төгрөгөөр камержуулалтыг шийдсэн.
Мөн 2023 онд нэлээд үер устай байлаа. Манай суманд байдаг 136 метр бетонон гүүр нурсан. Үүнийг бид 6 сарын хугацаанд засварлаж, 11 дүгээр сар гэхэд дууссан. Тэр хугацаанд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс түр гүүр барьж, намрын ажил болон иргэдийн зорчих боломжийг хангаж өгч байлаа.
-2024 онд хийх гол бүтээн байгуулалтын ажлуудаасаа дурдвал?
-Гэрэлтүүлгийн ажлыг үргэлжлүүлэхээр 2024 оны төсөвт 500 гаруй сая төгрөгийг нэмж суулгалаа. Иргэдийн аюулгүй байдал, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс гэрэлтүүлэгт ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байна.
Түүнчлэн энэ онд сумын хэмжээнд нэг км орчим асфальтан зам тавина. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 10.3 км дотор замаа хийнэ. Энэ ажлуудаа бид үе шаттайгаар хэрэгжүүлээд явна.
-Шинэ сэргэлт хөдөөгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хийж байгаа ямар ажил байна?
-Манайх 1000 тоннын зоорьтой, улирлын 15 хүлэмжтэй. Үүнийгээ иргэддээ түрээслээд эрт ургацын байцаа болон бусад ногоог нь тариулдаг. Мөн 6х10 харьцаатай хүлэмж, 200 тоннын ногооны зоорийг нэмж хийсэн. Шинэ сэргэлт, хөдөөгийн хөгжлийн бодлоготой уялдаад дахиад 500 тоннын зоорийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр шийдээд явж байна.
Манай сум 27 мянган хүн ам, 7083 өрхтэй. Эндээс 1200 орчим өрх газар тариалангийн салбарт тэр дундаа хүнсний ногооны тариалалт эрхэлдэг.
2023 оны орон нутгийн төсвөөс 277 сая төгрөгөөр техник агрегатыг шийдээд иргэддээ хэрэглүүлээд үр дүн нь гарч байна. Мөн төрөл бүрийн сонгино, саримс болон бусад ногоо тарьдаг селкүүдийг шийдсэн. Энэ мэт хүнсний хангамжтай холбоотой асуудлуудыг шийдээд явж байна.
-Мандал сум эрт ургацын ногоо, нэн ялангуяа эрт ургацын байцайгаараа алдартай шүү дээ?
-Эрт ургацын байцаа тарилтаараа Мандал сум түүчээлж явдаг. Монгол Улсын хэмжээний тэр дундаа эрт ургацын байцааны Улаанбаатар хотод нийлүүлж байгаа ногооны 50-60 хувийг Мандалынхан дангаараа хангаж байна.
Цаашдаа бид хүнсний ногоо тариалалтыг илүү нэмэгдүүлэхээр сумын хэмжээнд 800 гаруй га газрыг тариалангийн зориулалтаар өөрчлөн сумын ИТХ-аар батлуулаад, аймгийн ИТХ руу саналаа явуулсан. Энэ маань Засгийн газрын хуралдаанаар шийдэгдээд ирэх юм бол бид ногооны тариалалт, ногоон тэжээл болон хүнсний ногоо, нарийн ногоо тариалах тариалалтаа нэмэгдүүлэх, улсын хэмжээнд нийлүүлэлтийнхээ хэмжээг нэмэгдүүлэх боломжтой болох юм.
-Аймгаас энэ оныг Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Энэ жилийн хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Бид сумынхаа хэмжээнд аялал жуулчлалын бүсээ тогтооно. Иймээс бид Ноён уулаа түшиглэсэн аялал жуулчлалын бүсийг цаашид хөгжүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдөр аялал жуулчлалд шинэчлэлт хийх шаардлагатай болж байгаа.
Дотоодын аялал жуулчлалаас гадна олон улсын жишигт нийцсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд бид бүсчлэлээ тогтоох ёстой болж байна.

Манай сумын хувьд Түнхэл тосгон, Тарни баг, Ноён уул гэсэн маршрутаар аялал жуулчлалын бүс тогтоохоор судалж байгаа. Үүнийгээ сумын ИТХ-аар оруулж батлуулаад хууль ёсны хүрээнд хийнэ.
Бид аливаа зүйлийг хийхийн тулд түүхээ судлах ёстой юм байна. 
Мандал сумын урд, Төв аймгийн хойд талаар хиргисүүр, булш олон байдаг. Тарни багт гэхэд л Өндөр гэгээн Занабазар түүгээр явж байсан жим байдаг. Үүгээр явж байхдаа Өндөр гэгээн Тарни нэрийг өгсөн байдаг юм билээ.
Энэ мэт түүхээ судлах юм бол олон сонирхолтой зүйлс гарна. Тэгэхээр бид энэ бүгдэд түшиглээд дотоодын болон гадаадын аялал жуулчлалыг олон улсын жишигт нийцсэн байдлаар хөгжүүлэх боломж нээгдэж байгаа юм.
Ийм учраас 2024 ондоо бүсээ тогтоогоод авах юм бол цаашдаа ажлууд маань үргэлжлээд явна гэж бодож байна.  
-Ярилцсанд баярлалаа.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn