​Да.Ганболд: Оросын энэ дэглэм байгаа цагт АН-ын талцал, бужигнаан намжихгүй

108

Монгол улсын Тэргүүн Шадар сайд асан Д.Ганболдтой ярилцлаа.
-Хойд хөрш Украйн руу дайн өдөөхөөс олон жилийн өмнө тантай ярилцаж суухад л та ийм явдал болох эрсдэлтэй гэж ярьдаг байсан. Хойд хөршийн бодлогыг доторлодог хүнтэй уулзсаных ярилцлагаа дайн тойрсон асуудлаар эхлүүлмээр байна. Энэ дайн хэр удаан үргэлжлэх бол?
-Их удна.
-Яг хэр хугацаанд?
-Би хэлж мэдэхгүй. Сирийн дайн хэдэн жил үргэлжилж байгаа билээ. Жишээлбэл Араб, Израилийн зөрчилдөөн гэхэд л намайг ухаан орсон цагаас үргэлжилж байна.
-Оросын өдөөсөн дайнаас бидэнд нөлөөлж буй нэг өнцөг байх шиг. Ийм хөршүүдтэй улс оронтой эдийн засаг, бизнесийн харилцаа үүсгээд яах вэ, дайны явцыг харж байж болъё гэсэн болгоомжлол гуравдагч хөршийн бизнес эрхлэгчдэд төрөөд эхэлчихэв үү?
-Энгийнээр бодоход л худалдаа, эдийн засгийн гүнзгий харилцаатай орон нь дэлхийн хориг, хорионд орчихлоо. Байдал өнөөдрийнхөөс муугаар эргэвэл хараат, жижиг зах зээлтэй хөршийнх нь бизнес эрхлэгчидтэй хамтрах эрсдэлтэй гэдэг нь ойлгомжтой. Ийм ойлголт хэнд ч төрөх нь тодорхой. Манай улсын эдийн засгийг томоор харвал төр засгаас сүүлийн жилүүдэд явуулсан алдаатай бодлогоос үүдсэн нэг асуудал бий. Ихэнх бизнес төрийн хамааралтай болчихсон тал байгаа. Монголд хувийн юм харьцангуй ховор гэдгийг та ч гадарлах байх. Сүүлийн жилүүдэд хувийн хөрөнгө оруулалт хаанаас орж ирж байна вэ гээд харахаар ихэнх нь урд хөршөөс л байна. Өмнө нь Монголоор дамжаад Орос руу гаръя гэж боддог байсан бол өнөөдөр тийм боломж хумигдаж яваа гэдгийг бүх дэлхий мэдээд байна. Мэдээж бүх юм ор тас хумигдахгүй. Хар бор схем, янз бүрийн юмс үлдэж таарна. Наад захын жижиг жишээ гэхэд Хойд Солонгостой яаж ийгээд элдэв харилцаа өрнүүлж яваа кейс өчнөөн бий. Гэхдээ албан ёсоор, заалгасан хичээл номын дагуу, яг таг хууль журмын хүрээнд бизнесийн харилцаа үүсгэх боломжгүй болчихоор хэцүү л дээ.
-ОХУ-ыг яг тийм зам руугаа шуударчихлаа гэж хэлэх гээд байна уу та?
-Тийм болох гээд байна. Өнөөхөндөө ОХУ руу визгүй зорчиж болж байгаа ч жаахан холыг бодож яваа хүн хойд хөршийг зорих нь эрсдэлтэй болчихлоо. Хэдэн жилийн дараа өндөр хөгжилтэй барууны улс руу явж ажил, бизнесээ өргөжүүлнэ гэж бодож төлөвлөсөн бол хойд хөршийг зүглэхэд эрсдэлтэй болсныг учир мэдэх хүмүүс ойлгоод эхэлчихсэн. Ингээд харахаар миний орос хэлний мэдлэг хэзээ хаана яаж ашиглагдах вэ гэсэн асуулт гараад ирж байгаа юм. Товчхондоо миний хувьд амьдралынхаа хэв маягийг засах, өөрчлөх шаардлага тулгараад байна. Үүнийг их олон хүн мэдрэхгүй яваад байна л даа.
-Дараагийн хүйтэн дайн эхэлчихлээ гэх юм. Хэр ортой үг вэ?
-Оросын өнөөдрийн түрэмгийлэл аль хэр гүн, хол явах вэ гэдэг асуудал л байна. Украин ч өөрийгөө хамгаалах явцдаа аль хүртэл хол явахыг яг одоо хэлэхэд эрт. Тухайлбал, нэг пуужингууд нь Оросын нутаг руу орж зэвсгийн агуулахыг нь сүйтгэж байна. Ялагдаад, хөөгдөөд, рейтинг нь унаад эхлэхээр Путины зүгээс ямар хариу барихыг хэн ч мэдэхгүй. Санаанд оромгүй балмад үйлдэл хийхийг үгүйсгэхгүй.
-Санаанд оромгүй балмад үйлдэл гэж та атомын бөмбөг хаях шийдвэрийг хэлээд байна уу?
-Үй олноор хөнөөдөг зэвсэг гэдгийг зөвхөн цөмийнх гэж ойлгох аргагүй. Нэгийг хаяхад л манай хотын талыг нь байхгүй болох хэмжээний хүчтэй зэвсгүүд бий.
-Путин саяхан хийн хоолойг Монголоор дамжуулж тавихаар боллоо гэсэн утгатай мэдэгдэл хийчихлээ. Үнэхээр тэгэх болов уу?
-Олон улстай өрнүүлсэн өнгөрсөн арав хорин жилийн хугацаан дахь харилцааг нь харахаар хийнэ гээд хийгээгүй, хийхгүй гээд хийсэн тохиолдол өчнөөн бий л гэж хэлье.
-Засгийн бодлогыг шүүмжилдэг хүмүүсийг барьж хориод байна, Монголхүүгээс эхлээд. Өнөөдүүл нь гарч ирэхээрээ дуу нь илт зөөлөрчих юм. Энэ бүхэн улсаараа дарангуйлал руу явах эхний алхам мөн үү?
-Мөн. Хувь хүнийх нь хувьд Монголхүү гэх мэт залуусыг сайн мэдэхгүй юм. Хэрвээ дуугүй болж байгаа бол хачирхалтай л юм. Ер нь дундаж хүнээс арай өөр хүмүүс зоригтой байдаг. Тийм дүрсгүйдүү, томоогүйдүү хүмүүс тэмцэгч байдгийг та анзаардаг л байх. Тэр утгаараа хувь амьдрал талаасаа бага сага алдаа гаргачихсан байдаг. Түүнээсээ болоод бусдын хоол болчих гээд байдаг талтай. Иймэрхүү жижиг сажиг алдаа байсан учраас дуугүй болсныг үгүйсгэхгүй. Эхнээс нь ингэж барьж хориод дуугүй болгочихоор үгээ хэлье гэж бодсон хүмүүс нь чимээгүй болчихдог. Энэ бол ардчилсан нийгэмд том эрсдэл л дээ.
-Ардчилсан орнуудын тухайд засгийг шүүмжилсэн хүмүүст төрөөс ийм хандлага гаргадаг тохиолдол ер нь байна уу?
-Ардчилсан орнуудын тухайд ийм зүйл яалаа гэж байхав. Буруу юм хийгээгүй хүнийг барьж хорьдог жишиг байхгүй.
-Төрийн ийм илт дарангуйлалтай тэмцэх ухаалаг шийдэл санал болгооч гэвэл та юуг онцлох вэ?
-Шударга ёс алдагдсан, үг хэлэх эрх чөлөө хумигдаж зөрчигдсөн, жагсах эрхээ хасуулсан гэх мэт тохиолдлуудад Ардчилсан нам л дуугардаг байсан ёстой. Ингэж чадвал засаг даврахгүй.
-Эрх баригчид ба иргэд гээд харахаар нэг нь луйвардаж, нөгөө нь луйвардуулсаар өнөөг хүрлээ л дээ, нүүрсний хулгай, ЖДҮ, Хөгжлийн банк гэх мэтээс харахад. Өндөр эрхтэй, мөнгө ихтэй хүмүүст луйвардуулахгүйн тулд бидний хийх эхний, бодитой алхам юу юм бол доо?
-Луйвардах гэдгийн нөгөө талд луйвардуулахгүй гэсэн үг бий. Даварсан төр дандаа луйварддаг нь жам. Луйвардуулдаггүй байх хэрэгтэй. Тэгэхийн тулд боловсролтой, туршлагатай хүн байх ёстой. Тийм хүний хувьд луйвардуулах эрсдэл бага гэж бодож байна.
-АН хуваагдаж талцаж байгаад сая нэг тамгаа өгч авалцлаа. Гэхдээ танай намын талцал цааш үргэлжлэхгүй гэх баталгаа байхгүй. Энэ хуваагдал талцлын цаадах том шалтгаан нь юу юм бол?
-Миний хувьд холоос хаясан чулуу л гэж боддог. Ардчилсан намыг талцалтай хэвээр байлгах сонирхол гадаад, дотоод аль аль талд бий.
-Тэгэхээр АН энэ янзаараа бужигнаантай аж төрөх нь ээ?
-Оросын энэ дэглэм байгаа цагт бужигнасан, талцсан хэвээрээ байх магадлал өндөр. Ер нь манай улсад хоёр хөршийн ямар ч нөлөөгүй оршсон цаг хугацаа байхгүй. Өнгөрсөн зууны гучин онд гэхэд л шууд барьж аваад буудчихдаг байсан. Харин ч өнөөдрийн тухайд буудсан юм алга. Гэхдээ сэм хорлох өөр арга байгааг сүүлийн жилүүдэд эргэн тойронд өрнөсөн үйл явдлууд баталдаг. Монголын ач холбогдол Украины хажууд харьцангуй бага учраас элдэв айхавтар зүйл хийх шалтгаан болохгүй байх гэж бодож байна.
-МАН дарангуйлагч тал руугаа хурдтай хэлбийгээд байна уу?
-Тэгж анзаарагдаж байгаа. Ер нь аль ч нам ялгаагүй, тасралтгүй удирдаж байгаа бол дарангуйлагч институциэс дутах юмгүй болдог. Үүнийг хүн төрөлхтөн олж харчихаад дөрвөн жилээс илүү хугацаагаар эрх мэдэл өгч болохгүй гээд сонгууль хийсээр өнөөг хүрсэн юм. Найман жилийн турш илт олонхоороо эрх барьчихсан хүмүүс чинь даврах нь тодорхой.
-Манайх хойд хөршөөсөө эрчим хүчээр хараат. Хараат байлгах сонирхол нь хэт өндөр учраас энэ чигийн бүтээн байгуулалт гацсаар өнөөг хүрлээ л дээ. Өөдийн нар харах заяа байна уу, эрчим хүчин дээр?
-Эерэг мэдээ бий. Бөөрөлжүүтэд станц барьж байгаа. Хэмжээний хувьд жижигхэн, 300 мегаваттын станц. Дөрөвдүгээр цахилгаан станцаас арай жижиг гэсэн үг. Гэхдээ оргил ачааллын үед хойд хөршөөс илүү өндөр үнээр авдаг цахилгаан эрс багасна. Лагерийн байшин энэ тэрд орой үдшээр хүчдэл унадаг нь багасна. Шинээр бий болох үйлдвэрүүдэд эрчим хүчний хангамж сайжирна.
-Та түрүүн хөрөнгө оруулах сонирхолтой гадны бизнес эрхлэгч ховор байх шалтгааныг ярьсан. Хөрөнгө оруулах боломжтой нь ганц Хятад л байна даа, тээ?
-Өөр хэн орж ирэх вэ дээ. Гэхдээ миний түрүүн хэлсэнчлэн хятадууд ч хөрөнгө оруулахдаа тун болгоомжтой хандаж байна. Барууныхныг хөрөнгөө оруул гэж урьчихаад ирэнгүүт нь хөөдөг, булаадаг хэцүү улс шүү дээ, бид. Оюутолгойг дагаад ирсэн соёлт ертөнцийн хөрөнгө оруулагчдыг бүгдийг нь хөөчихсөн гашуун түүх өнгөрсөнд бий.
-Ши Жиньпин гурав дахиа төр барихаар боллоо. Урд хөрш эдийн засаг нь чөлөөт, төр нь зохицуулалттай гэсэн олон жилийн зарчим хандлагаасаа ухарчихлаа гэсэн мэссэжүүд яваад эхэллээ. Тэгчихэв үү, яав?
-Дэн Сяо Пиний бодит амьдралаас ургасан эерэг, амжилттай зарчмуудаас ухарч эхэллээ гэж харагдаж байна л даа.
-Ингээд харахаар манай улс маш ухаалаг бодлого барихгүй бол...?
-Ухаалаг байя гээд адилхан коммунизм руугаа алхъя гэвэл солиорол болно.
-Ингэхэд та намынхаа улстөрд хэр оролцож байна?
-Арга хэмжээнүүдэд очиж үгээ хэлж, байр сууриа илэрхийлж, санаа бодлоо солилцох хэмжээнд оролцож яваа.
-Цаашдаа хэр оролцох вэ, нэр дэвших үү?
-Миний хувьд нөлөөтэй, сайн энэ тэр гээд намынхаа хувьд улстөрд оролцох ёстой хүмүүсийнх нь нэг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ надаас өөр хүн байхгүй гээд бодоод эхэлбэл МАН-аас, Ши, Путин нараас ямар ч ялгаагүй юм болно. Саяын уулзалтан дээр Баян-Өлгийн нэг бүсгүй “Манай намын ах нар цүнх баригчдыг л дэмжиж байна, биднийг анхаарахгүй юм” гэж хэлснийг та сонссон байх. Үнэхээр тийм байгаа бол ардчиллыг дэмждэг залуус байгаа газар бүртээ “Би чиний цүнхийг барихгүй. Гэхдээ ардчиллын төлөө ингэж тэгж зүтгэнэ” гэж яриад, ажиллаад явах хэрэгтэй. Ном унш, гэгээр, өөрөө лидер болоод яв гэж зөвлөмөөр байна. Ерэн онд би хэн нэгний цүнхийг барьсныхаа шанд улстөрд орж ирээгүй. Тухайн үед дээд сургуульд сайдаас өндөр цалинтай ажиллаж байгаад л орж ирсэн. “Одоо л дуугарахгүй бол хэзээ хэн дуугарах билээ” гэж бодоод орж ирсэн, мэддэг чаддагаа яриад явсан. Нэр дэвших эсэхийн тухайд одоогоор хэлэхэд эрт байна.
-Ардчиллыг буруу эхлүүлснээс болж, огцом шилжилт хийснээс үүдэж өнөөдрийн тодорхойгүй байдал үүсчихсэн гэж МАН зүгийн гишүүд шүүмжилсээр ирсэн, одоо ч шүүмжилсээр байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё.
-Түүхэн процесс гэдэг чинь нэг хүний амьдралын наснаас ч урт эд. Тэр утгаараа ардчиллыг гучин жилийн дотор төгс байгуулчихдаг улс хорвоод байхгүй. Сургуульд сурахад хүртэл хугацаа шаарддаг. Түүнээс биш манай УИХ-ын гишүүд шиг энгэртээ гишүүний тэмдэг зүүнгүүтээ бүгдийг мэддэг болчихлоо гэж сэтгээд хамраа сөхдөг мэт зүйл энэ ертөнцөд үгүй. Соёлгүй, ном уншдаггүй, харанхуй, боловсролгүй хүний гаргадаг л авир шүү дээ. Мэдээж гишүүн тус бүрд өөр өөрийн гавъяа бий. Монголын дунджаас хамаагүй дээр, бусдаас арай өөр учраас сонгогдсоныг нь үгүйсгэх аргагүй.
Гэхдээ том утгаараа төвшин нь болоогүй яваа гэж хэлээд байна л даа. Учир нь манай нийгэм өөрөө болоогүй байна. Ийм нийгмийн муу хүнээс дээгүүр байна гэдэг нь сайн гэсэн үг биш. Япон, Солонгост очоод юм ярихад л гологдох нь бидний гашуун үнэн. Өнөөдрийн тухайд унаа тээвэр, автобусны зогсоол, жорлон гээд бага багаар соёлжоод л байна. Гэхдээ соёлын энэ хөгжилд бүх Монгол хамрагдаагүй яваа.
-Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлсэн нь ганц намын гавъяа мэт сурталчилгаа их цацагдаж байна л даа. Оюутолгой төсөл энэ дайны хөгжихөд АН-ын оролцоо өндөр байсан ч гэлээ голлож оролцсон хүмүүс нь ялтнууд болоод дууссан. Жишээ нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ажил болсон, таны оролцсон Дубайн төлөвлөгөө байгаагүй бол өнөөдрийн ийм амжилтад хүрэх байсан уу?
-Хүрэхгүй байсан. Шаварт суусан машиныг хэдэн хүн хүчээ нийлүүлж байж түлхэж гаргаж таарна аа даа. Гэтэл нэг нь “Би түлхээд гаргачихлаа” гэж зүтгээд байвал ямар вэ. Хүн бүр байх ёстой газраа, байх цагтаа, хийх ёстой ажлаа хийчихсэн байвал л аливаа ажил болчихдог. Оюутолгой төсөл үүний л тод жишээ. Таны хөндөөд байгаа асуудлыг би хувьдаа улс төр талаас нь бол ойлгож байна. Том утгаар нь харвал МАН-ыг үгүйсгэх аргагүй. Муу сайн ч гэсэн С.Баярын үед том гэрээгээ байгуулчихсан гавьяатай.
-Гэхдээ эвслийн Засгийн газар байсан учраас Оюутолгойн гэрээ зурагдсан...?
-Тэгсэн. Ямар нэг утгаар бид хамт байж, шавраас машинаа гаргахад хүчээ өгч түлхэлцсэн. Ингээд харахаар Оюутолгой төсөл бол АН, МАН-ын дундын бүтээл. Хөндлөнгөөс хэн нэг хүн тухайн төслийг саатуулах гэж оролдсон явдал бий. Зүйрлэбэл машинаа шаварнаас гаргах гэж байхад нэг нөхөр хажуугаар эргэлдэж нэг хэсэг хүнийг нь ойролцоох жалга руу дуудаж архи өгөх гээд, эсвэл машины дугуйг нь хагалах гэж зүтгээд байвал хэцүү шүү дээ. Тийм зүйл байсан уу гэвэл байсан. Яг түүхэн цаг хугацааны хувьд мань мэт нь оролцоод, өнөө хүнийг нь хөөж зайлуулаад, үгэнд нь орохгүй сууж байгаад машинаа түлхээд гаргачихсан. Тийм л явдал болсон. Товчхондоо Ч.Сайханбилэг тэргүүтэй манай баг үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Одоо тэгээд тухайн үед машинаа шавраас гаргасныхаа үр шимийг улсаараа хүртээд сууж байна. Коронагийн үед улсын төсвийг Оюутолгой л авч гарсан. Өнөөдөр ч гэсэн улсын төсвийн ачааны дийлэнх хүндийг үүрээд явж байна. Энэ бүгдийг Ч.Сайханбилэгийн баг тухайн үед хийгээгүй болбид өнөөдөр төсөөлөх аргагүй хүнд нөхцөлтэй аж төрөх байсан.
-Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт бол Оюутолгой. Оюутолгойн маш том өгөөж нь энэ. Бүр тодруулж хэлбэл Оюутолгойг эдийн засгийн аюулгүй байдлын том дархлаа гэж гүн бат ойлгож явбал тусгаар тогтнолд маань л хэрэгтэй. Өдийд бүр ч тодоор санаж явах зүйл маань байх, тийм үү?
-Өрнө, Дорнын алинд ч яригддаг нэг яриа бий. “Бүх өндөгнүүдийг нэг торхонд хийдэггүй” гэж. Хятад ийм бодлоготой, Орос ч ялгаагүй. Манай улс ч мөн ийм л бодлого барих ёстой. Хятад, Оростой ч харилцана, гуравдагч хөршүүдтэйгээ ч харилцах учиртай. Орос, Хятадаас гадна, гуравдагч хөршийн өөр улс орнууд манайд төлөөлөлтэй байж гэмээ нь амьдралыг солонгоруулна. Энэ бол чөлөөт нийгмийн онцлог. Урд, хойд хөршийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөөд харилцаад явах нь чөлөөт нийгмийн маш том онцлог. Харин харилцаж буй улсуудын аливаа онцлог Монголд таарах эсэхийг үнэлж цэгнэх нь бидний мэдэх асуудал. Манай улс хүн ам цөөтэй, огцом зүг чигээ өөрчилж нисч буух боломжтой улс. Харьцангуй жижигхэн учраас маневр сайтай гэсэн утгаар хэлж байгаа юм. Харин Хятад, Орос шиг том гүрний хувьд тэгэх бололцоогүй. Тэр олон хүнийг огцом эргүүлээд савлаад байх боломж хэтээсээ үгүй. Энэ бол тэдний асуудал. Бид тэдний хэрэгт оролцдоггүй шиг тэд бидний хэрэгт оролцох учиргүй юм, уг нь.
-Гэхдээ л оролцохын дээдээр оролцдог шүү дээ?
-Албан ёсоор оролцдоггүй ч албан бусаар оролцдог нь үнэн. Учир нь энэ ч бас хорвоогийн жам юм. Ямар ч улс орон бодлогоо хэрэгжүүлэх олон арга, байгууллагатай байдаг. Тэдгээрийн нэг нь жишээлбэл тагнуулын байгууллага. Манай Засгийн газрын бүтцэд ч Тагнуулын газар байгаа шүү дээ. Тэнд ажиллагсад зүгээр цай уугаад суудаггүй нь ойлгомжтой. Орос, Хятад, Солонгос яаж байгаа бол гэсэн асуулт тавиад ажиллаж суудаг. Япон ч зүгээр суухгүй, биднийг мэдэрнэ, харна, сонсоно, ажиглана, бүртгэнэ, дүгнэлт хийнэ. Энэ мэтээр яривалулс орон бүр өөр өөрийн сонирхолтой. Аль сонирхол нь өнөөдрийн хувьд бидэнтэй илүү тохирч байна, алиных нь цаг арай болоогүй, аль нь таалагдахгүй вэ гэдгийг бид өөрсдөө сонгох учиртай. Түүнээс биш идэвхтэй бодлого явуулж буй улс орнуудын тухайд нөлөөлөх гэж оролдох нь жамын асуудал. Нөлөөгөө хэрэгжүүлдэг аргын тухайд бүх дэлхийд ижилхэн. Үзэл санааны нэгдэл байвал итгэл үнэмшлээрээ явчихдаг. Болохгүй үед нь айлган сүрдүүлдэг. Заримыг нь мөнгөөр худалдаж авдаг. Аргаа барсан үедбүр дайн чөдөөдөг. Энэ тийм гайхахаар зүйл биш. Гэхдээ соёл, хөгжил, дэвшил өндөр төвшинд хүрэхийн хэрээр асуудлыг дайнд хүргэхгүйгээр шийдэх нь орчин цагийн жам.
-Эдийн засаг хэцүүхэн байна. Олон улсын санхүүгийн байгууллагууд эдийн засгийн төсөөлөл таамгаа бууруулаад байх юм. Энэ хямрал манай улсын хувьдхэр удаан үргэлжлэх бол?
-Удна. Оюутолгойтой холбоод ярихад энэ төслийн ачаар бид тодорхой өндөрлөгт хүрчихсэн. Тэр өндөрлөгөөсөө буухгүй нь ойлгомжтой. Гэхдээ тэр өндөрлөгөөсөө өгсөхгүй байна гэдэг манайх шиг хүн ам нь өссөөр яваа улсад муу мэдээ. Зарим тохиолдолд эдийн засаг унахгүй жигд явах нь муу байдаг юм. Манай улсын хүн ам алгуур ч гэлээөссөөр яваа. Өсөх хэрээр хэрэглээ өсөх нь тодорхой. Товчхондоо эдийн засгийн тухайд ядаж хүн амынхаа өсөлтийн хэмжээгээр өсч байх учиртай. Япон шиг улсад бол эдийн засгийн өсөлт тогтвортой байх нь асуудалгүй. Япон улсын хүн ам миний мэдэхээр сүүлийн тавин жил огт өсөөгүй. Тэгэхээр шинээр орон сууц, сургууль барих тэр болгон шаардлагагүй гэсэн үг. Гэтэл манайх байгаа хүмүүсийнхээ хэрэгцээг хангахаар хэмжээний бүтээн байгуулалт өрнүүлж амжаагүй улс. Наад зах нь аймаг бүрд усан сан байна уу гээд харахаар хэцүү зураг харагддаг. Өмнө нь нийлж байгаад шавраас гаргасан машин маань тодорхой хэмжээнд урагшилсан учраас дайнтай, тахалтай үед эрсдэл багатай амьдраад яваа. Дараагийн машинуудыг нь цааш хурдлуулах ажлыг Засгийн газар хийхгүй байна л даа. Гэхдээ Засгийн газрын маргааш, нөгөөдөр хийх ажлыг би мэдэхгүй. Илүү сайжирахыг ч үгүйсгэх аргагүй.
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn