СЭЛЭНГЭ: Т.Пүрэвсүрэн: Малчдынхаа тулгамдсан асуудлыг хамтарч шийдэх нь зөв юм
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын ИТХ, ЗДТГ-аас хамтран сумынхаа малчдын зөвлөгөөнийг хийлээ. Зөвлөгөөний үеэр Сүхбаатар сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэнтэй ярилцсан юм.
-Сүхбаатар сум анх удаа малчдынхаа зөвлөгөөнийг зохион байгууллаа. Олон тулгамдсан асуудал байдаг юм байна. Бэлчээрийн болон хадлангийн талбай байдаггүй, хотын ногоон байгууламжид мал орж сүйтгэдэг гэх мэт. Зөвлөгөөнөөр ямар гарц гаргалгаа олов, асуудлыг хэрхэн шийдэв?
-Сүхбаатар сум нийтдээ 343 малчин, мал бүхий иргэдтэй. Малчдад тулгамдаж байгаа маш олон асуудал байна. Бидний зүгээс төрөөс малын тоонд бус чанарт анхаарах, МАА-г эрчимжүүлэх, сүүний, махны үйлдвэрлэл болон ХАА-н үйлдвэрлэлийг бий болгох чиглэлд баримталж буй бодлогыг орон нутагт хэрхэн яаж хийх боломж байна гэдэг дээр төвлөрч анхаарч байгаа.
Манай сум аймгийн төвийн сум учраас хот тохижилт, ногоон байгууламжид мал орох асуудал гарч байгаа. Үүнийг хэрхэн яаж шийдэх вэ гэдэг дээр анхаарч ажилласан. Хотын ногоон байгууламжид мал тэжээвэр амьтдыг оруулахыг хязгаарласан журмыг сумын ИТХ-аараа батлуулан гаргасан. Энэ журмыг өнөөдрийн зөвлөгөөн дээр малчдад танилцууллаа. Мөн журмын хэрэгжилтээ хангах чиглэлд анхаарч ажиллахыг зөвлөж хэлж өглөө.
-Малчдын зүгээс сум орон нутгийн удирдлагууддаа хандаж олон асуудлыг тавьж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Малчид маш олон тулгамдсан асуудлыг ярьж байна. Тухайлбал малын тарилга. Малыг вакцинжуулах үед хүн хүчний асуудал дутагдах, ихэвчлэн настай хүмүүс байж таардаг. Иймээс зөөврийн хашааны асуудлыг шийдэж өгөөч. Хоёрдугаарт сумын хэмжээнд мал угаах үеэр ванны хэрэгцээ шаардлага маш их хэрэгтэй байдаг. Иймээс сумын хэмжээнд ванны асуудлыг шийдвэрлэх. Мөн хамгийн тулгамдсан гол ажил бол хадлан тэжээл өвсөө авах гэхээр газаргүйн улмаас үнэтэй өвс, тэжээл авч байна. Иймээс хадлангийн газрын асуудлыг шийдвэрлэж өгөх боломж гарц юу байна. Нөгөө талаас ногоон тэжээл, хивэг, будааны асуудлыг хөнгөлөлтэй үнээр өгөх боломж юу байна гэсэн асуудлуудыг малчид маань тавьж байна. Иймээс бид зөвлөгөөнд "Алтан тариа" компанийн төлөөлөл, холбогдох байгууллагуудын төлөөлллийг авч ирж, төрийн зүгээс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, сум орон нутагт хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрээ танилцуулан ажиллахыг хүсч оролцууллаа.
Мөн бидний зүгээс 2023 оны төсөвт нэн түрүүнд зөөврийн хашаа, ванны хөрөнгийг сумын төсөвт тусгаж өгөх шийдвэрт хүрлээ. Мөн хадлан тэжээл, бэлчээрийн асуудлыг зөвхөн сумын Засаг дарга, ИТХ-аас сумдтай харьцаад үр дүнд хүрэхгүй юм байна. Иймээс аймгийн Засаг даргын хүчийг энд хавсаргая. Аймгийн даргад хүсэлтээ өгье. Аймгийн ХХААГ-ын даргын хүчийг хавсаргая. Хүсэлтээ өгье. Ингэж зэргэлдээх сумдын Засаг дарга, ИТХ-тайгаа хамтарч малчдынхаа энэ гол тулгамдсан асуудлыг хамтарч шийдэх нь зөв юмаа гэсэн алхамд хүрээд байна.
-Хотын ногоон байгууламжийн асуудлаас болж малчдыг гаргах талаар ярьж байна. Газаргүй малчид хаашаа явах билээ. Энэ асуудлыг хэрхэн шийдэх гэж байна?
-Хотын ногоон байгууламжид мал амьтдыг оруулахыг хязгаарласан тогтоол шийдвэрээ танилцуулахад малчид бид хотоос гараад хаваржаа, намаржаанд буух боломж байна. Бид өөрсдөө ч хүсч байна. Бидэнд маш хэцүү байдаг. Газаргүйн улмаас хөдөлж болохгүй байна. Мал маань хотын ногоон байгууламжийг идэх вий, сүйтгэх вий гэсэн байнгын айдас, түшгүүртэй байдаг. Араас нь байнга дагуултай, хариулгатай явдаг. Тэгэхээр энэ маш их ажил хөдөлмөр зарцуулдаг. Бидэнд хаваржаа, намаржааны газар байдаг бол их амар байх байна. Бидний ч ажил хөнгөрнө гэж малчид маань ярьсан. Тэгэхээр бид энэ чиглэлээр зэргэлдээх сумдын Засаг дарга нарт ядаж энэ намаржаа, хаваржаа, зусаа нь тус тусдаа байдаггүй юм аа гэхэд бүлэг бүлгээр нь газар зааж өгөх ч байдаг юм уу. Энэ мэтээр зэргэлдээх сумдтайгаа гэрээ, хамтран ажиллах санамж бичиг үйлдэх гэх мэт араас нь хөөцөлдөх ажил маш их байна. Тэгэхээр Засаг даргын хувьд малчдадаа тулгамдаад байгаа энэ асуудлыг ИТХ-тайгаа хамтраад цаашид шийдвэрлээд явна гэж бодож байгаа.
-Ярилцсан танд баярлалаа.