КИМ СУН-ЧУЛ: Усан үзэмний дөрвөн мод суулгасан минь сайхан ургаж байна

297


-СОЛОНГОСТ ТАРИАЛАН ЭРХЭЛСНЭЭС МОНГОЛД ТАРИАЛАХ НЬ ИЛҮҮ ДАВУУ ТАЛТАЙ. ЖИШЭЭ НЬ, МОНГОЛД ТАРЬСАН ЖИМС СОЛОНГОСЫНХООС ИЛҮҮ ТОМ УРГАЖ, ҮГЭЭР ХЭЛЭХИЙН АРГАГҮЙ САЙХАН АМТТАЙ БОЛДОГ-

Сэлэнгэ аймгийн Баянгол суманд монгол усан үзэм ургаж байгаа тухай мэдээг та дуулсан байх. Тэгвэл энэ удаагийн ярилцлагаараа монгол усан үзэм тарьж, арчилж буй БНСУ-ын эрдэмтэн, судлаач Ким Сун-Чулыг та бүхэнтэй "уулзуулж" байна. Одоогоор тэрбээр Баянгол сумын нутагт 30 мянган метр дөрвөлжин талбайд эмийн ургамал, нарийн ногоо, амтат төмснөөс эхлүүлээд чавга, гүзээлзгэнэ, усан үзэм тариад байгаа юм.  
-Таныг Монгол Улсад суурьшаад удаж байгаа гэж сонслоо. Анх Монгол орны юунд татагдаж, хэрхэн ирж байсан түүхээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу? 
                -Анх Монголд 1997 онд ирж байлаа. Түүнээс хойш буцаж яваад 2000 оны гуравдугаар сард Монгол Улсад ирснээсээ хойш өнөөг хүртэл амьдарч байна. Цаг хугацаа мөн ч хурдан юм аа. Нэг л мэдэхэд 22 жил өнгөрчээ. Одоо Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумандаа газар тариалан эрхлэн амьдарч байна даа. 
-Та ямар мэргэжилтэй юм бэ. Монголд ирэхдээ ажлын шугамаар ирж байв уу? 
                -Би электроник инженерийн бакалавр, мэдээлэл, харилцаа холбооны инженерийн магистрын зэрэгтэй. Монгол Улсад 2001 оноос хөдөө аж ахуйн судалгаа хийж эхэлсэн. Үүний зэрэгцээ 2002 оноос 2013 он хүртэл "Хүрээ" дээд сургуульд багшилсан. Би хөдөө аж ахуйн чиглэлээр сургууль төгсөж, тусгай боловсрол эзэмшээгүй ч аав минь тариаланч хүн байсан болохоор энэ салбар сэтгэлд ойр байдаг юм. Багаасаа л аавыгаа дагаж, газар тариалангийн талаар суралцаж, ирээдүйдээ хэрэг болгохыг зорьж байлаа. Одоо судалгаа хийхээр зорин ирсэн орондоо хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимийг хүртэж байна. Тэгээд ч Монгол хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэхэд хамгийн тохиромжтой орон шүү дээ. 
-Багаасаа аавыгаа дагаж суралцсан ч, Монгол ирээд өөр хөрсөнд газар тариалан эрхлэхэд олон ялгаа гарч байсан болов уу. Хүндрэлтэй зүйл байсан уу? 
-Монгол орны уудам тал, цэвэр, эвдрэлгүй хөрсөн дээр тариалан эрхлэх нөхцөл, боломж бүрэн бий. Харин улирал болгонд бага зэрэг хүндрэл учруулах байгалийн үзэгдэл болж л байх болно. 
                Зуны улирал богино үргэлжилж, хавар салхи ихтэй, бороо бага орж, өвлийн улиралд хэт хүйтэн байдаг. Монголчууд ч үүнийг ажралгүй даван туулж чаддаг нь гайхалтай. Зарим ургац өвлийн тэсгим хүйтэнд хөлдөх, бүр цаашлаад дахин ургах боломжгүй болох үе бий. Иймэрхүү саад бэрхшээлийг сайтар туршлага, хөдөлмөрийн үндсэн дээр даван туулж чадвал ургац илүү сайн ургаж чаддаг.  
-Монголын хөрсөнд анх тариалангаа эхлүүлэх үед ямар мэдрэмж төрж байв? 
                -2001 онд хэсэг хүнтэй хамтарч, БНСУ-ын нэгэн байгууллагын Монгол дахь газар буюу Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Дамбадаржаад тариалангийн гараагаа эхлүүлсэн. Дамбадаржаад зургаан жил болсон. Монголчуудтай хамт ажиллахад хөгжилтэйн зэрэгцээ сэтгэл дүүрэн санагддаг. Өмнө нь хамт ажиллаж байсан хүмүүсээ мартдаггүй. Одоо ч бүгдтэй нь холбоотой байдаг. 
-Монгол Улс хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг импортоор оруулж ирдэг. Харин та монголчууд дотооддоо үйлдвэрлэдэггүй ногоо, жимсийг тарьж байгаа юм байна. Монголд ургадаггүй жимс, ногоог тарихад юу хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа вэ? 
                -Олон төрлийн хүнсний ногоо нэгэн зэрэг тарихад технологи маш чухал үүрэгтэй. Миний бодлоор монгол тариаланчдад тариалангийн технологийн боловсрол шаардлагатай санагддаг. 
Хэрэв тариалангийн боловсролыг бүрэн эзэмшвэл амжилтад хүрэх олон гарц нээнэ. Мөн үүний зэрэгцээ импортоор оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх чухал нөлөө өгнө. Би Монголд тохирсон технологи хэрэгжүүлж байгаа. 
                Монголд ихэвчлэн тавдугаар сарын дунд үеэр үрсэлгээгээ суулгаж эхэлдэг бол би дөрвөн сарын дундуур үрсэлгээгээ суулгадаг. Учир нь, эрт суулгасан үрсэлгээ эрт ургаж, түүнийгээ борлуулахад хамгийн ашигтай байдаг. 
-Технологиор тариалахад хамгийн их ажиллагаа шаарддаг, хүндрэл учруулдаг ургамал, ногоо гэж бий юү? 
                -Усан үзэм хамгийн хүндрэлтэй байдаг. Байнгын арчилгаа, хяналт шаардлагатай. Эцэс хүртэл нь ургуулж чадвал хамгийн амттай, сайхан жимс юм шүү дээ. Одоогоор усан үзэмний дөрвөн мод суулгасан байгаа. Цаашид илүү олон үрсэлгээ суулгахаар судалж байна. 
 -Та шинэ ургацаа хэрхэн борлуулдаг юм бэ. Үнэ нь хэд байх вэ? 
                -Шинэ ургацаа Улаанбаатар хотын “И-март” худалдааны төвийн салбаруудаар борлуулдаг. Үнийн хувьд өргөст хэмх кг нь 6500 төгрөг, тарвас кг нь 6900 төгрөг, улаан лооль 10,500 төгрөг байгаа. Миний тарьсан ногоо БНХАУ-аас орж ирдэг бүтээгдэхүүнтэй харьцуулбал бага зэрэг үнэтэй. Гэхдээ шинэ ургацын бүтээгдэхүүн, эрүүл хүнс болохоор хүмүүст их таалагдаж, эрэлт, худалдан авалт сайн байдаг шүү.  
-Таныг хүнсний ногооноос гадна эмийн ургамал тарьж байгаа гэж дуулсан. Үнэн үү? 
                -Тийм ээ, эмийн ургамлын талаар судалгаа хийгээд тарьж эхэлсэн. Олон төрлийн эмчилгээний зориулалттай ургамал тарьж, худалдаалахад судалгаа шаардлагатай. Хүний эрүүл мэндтэй холбоотой учраас хариуцлагатай хандах нь чухал.  
-Гэхдээ Монголд ногоо тарихаас БНСУ-д тариалан эрхэлсэн нь танд илүү дээр юм шиг санагддаггүй гэж үү? 
-Солонгост тариалан эрхэлснээс Монголд тариалах нь илүү давуу талтай. Жишээ нь, Монголд тарьсан жимс Солонгосынхоос илүү том ургаж, үгээр хэлэхийн аргагүй сайхан амттай болдог.   
-Нутгийнхан танаас хэр их зөвлөгөө авч, тарих технологийн тусламж гуйдаг вэ? 
                -Нутгийн иргэд болон өөр аймгийн тариаланчид ч зөвлөгөө авч, туршлага судлахаар над дээр их ирдэг. Харин холоос холбогдож байгаа хүмүүст ихэнхдээ зурган зөвлөгөө хүргэж байна. Хүнд зааж, зөвлөх шаардлага цөөнгүй гарна. Нэг мэдэхэд л хүмүүс намайг багш гэж дууддаг болсон байсан. Энэ надад сайхан сэтгэгдэл төрүүлдэг шүү. 
-22 жилийн хугацаа хурдан өнгөрсөн талаар та ярилцлагын эхэнд дурсаж байлаа. Харин одоо 22 жилийн өмнөх өөрийгөө одоогийн өөртэйгөө харьцуулбал хэр их өөрчлөлт гарах бол оо? 

-Анх эхэлж байсан үеэ бодвол арга барил, технологи маань илүү сайжирсан нь анзаарагдаж байгаа. Хүнд эзэмшсэн мэргэжил хаана ч, ямар ч нөхцөлд зайлшгүй хэрэг болдог.  Миний эзэмшсэн мэргэжил электроник нь хөдөө аж ахуйд маш их нөлөө үзүүлсэн. Их давуу тал болсон. 

-Монгол нутгаар хэр зэрэг аялж, байгаль үзсэн бэ. Эсвэл тэр бүр аялж, зугаалаад байх чөлөө гарахгүй байна уу? 
                -Баруунхараагийн замын ажил дуусчихвал бүх зүйл сайхан болж эхэлнэ дээ. Монголын байгаль үнэхээр сайхан. Би Хөвсгөл аймаг руу 10 гаруй удаа аяллаар явсан. Тэгж их явахдаа нэг ч удаа  уйдаж байгаагүй шүү.  
-Монгол хүнтэй хамтарч ажиллах ямар санагдаж байна вэ. 22 жилийн дотор та хэдийнэ дассан байх. Монголчуудтай хамтарч тариалах соёлыг дэлгэрүүлэх бодол бий байх? 
                -Надтай хамтарч ажилладаг монгол хүмүүс хамгийн сайн ажил хийдэг, сэтгэлтэй, туршлагатай, мундагчууд нь. Аливаа зүйл дээр шантрахгүй, тууштай ажилладаг.  
Би Монголын хөдөө аж ахуйг илүү их хөгжүүлэхийн төлөө ажиллах зорилготой. Зөвхөн дотроо бодоод л яваад байх бус үүнийгээ хүмүүст мэдрүүлэхийг хүсдэг. 
-Төгсгөлд нь та Монголын нийт тариаланчдад хандаж үг хэлэхгүй юү? 
                -Энэ их өргөн уудам газар нутаг дээр бүхий л боломжийг ашиглаж, хөдөлмөрлөж, хүнсний бүтээгдэхүүнээ гаднаас импортлохгүйгээр дотооддоо хэрэгцээгээ хангаж, их хөгжилд хүрэхийн төлөө ажиллаарай хэмээн уриалмаар байна.  

https://ergelt.mn/news_full/155/single/23565
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn