Хойд Америкийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт боллоо

432

ОТТАВА. /TASS/. Хойд Америкийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт пүрэв гарагт АНУ-ын нийслэл Вашингтон хотод боллоо. Энэ нь Хойд Америкийн удирдагчдын 2016 оноос хойших анхны дээд хэмжээний уулзалт юм.Уулзалтын үеэр Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Мексикийн төрүүн тэргүүн Мануэль Лопес Обрадор нартай биечлэн уулзсан байна. Үүний дараа Хойд Америкийн орнуудын удирдагчид хамтарсан уулзалт хийжээ. 
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар цар тахлыг ялан дийлэхийг өөрсдийн гол зорилго хэмээн үзэж байна гэж Канадын Засгийн газрын тэргүүний хэвлэлийн албанаас хоёр удирдагчийн уулзалтын дараа нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.
"COVID-19” цар тахлыг зогсоож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг сайжруулах нь Канадын Ерөнхий сайд, АНУ-ын Ерөнхийлөгч нарын нэн тэргүүний зорилт хэвээр байна" гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ. Трюдо, Байден нар дэлхийн хүн амыг вакцинд хамруулах талаар урьд нь хүлээсэн үүрэг амлалтаа үргэлжлүүлэн биелүүлнэ гэдгээ онцлон тэмдэглэж, ядуу буурай улс орнуудад цар тахлын үр дагаварт өртсөн эдийн засгаа сэргээхэд санхүүгийн тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Үүнээс гадна, Трюдо, Байден нар хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүний эрх, Арктик дахь Канад, АНУ-ын хамтын ажиллагаа, “Five Eyes” тагнуулын эвсэл дэх холбоотнуудтайгаа хамтран ажиллах зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.  “Five Eyes” эвсэлд Канад, Австрали, Их Британи, Шинэ Зеланд, АНУ-ын тагнуулын албад багтдаг байна. Канад, Америкийн удирдагчид мөн Хаити улсад нүүрлэсэн хүмүүнлэгийн хямрал, Хятадтай хийх хоёр улсын харилцааны талаар ярилцаж, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг, Афганистаны байдлыг хэлэлцсэн байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn