Сэлэнгийн харьяат 311 ардын журамт цэргийн 130 гаруй нь Шаамарын иргэд байжээ
1921 оны 3 дугаар сарын 18-нд болсон Хиагтыг чөлөөлөх тулалдаанд нийт 400 цэрэг оролцсон байна.Ардын хувьсгалын ялалтыг авчирсан эдгээр ардын журамт цэргийн 311 нь Сэлэнгийнхаръяатиргэд байсан бөгөөд тэдний130 гаруй нь Шаамар сумын харъяат иргэд байсан гэдэг.
Эдгээр цэргүүдэд 1931 онд “Ардын хувьсгалын партизан” цолыг олгосноор өдгөө партизанууд хэмээн дурсах болжээ. Энэ цагийн энх амьдралыг авчирсан партизануудынхаа алдрыг мөнхжүүлэх, тэднийгээ эргэн дурсах, хойч үеийнхэндээ тэднээр бахархах үзэл санааг бүрдүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Шаамар суманд “Партизан цэргийн хөшөө”-г саяхан босгосон юм.
Ардын хувьсгалын ялалтын буун дуу гарахаас өмнө буюу 1921.3.17-ны өдөр өвөр Хиагт буюу Алтанбулагт Хятад цэргийн 25-р морин дивизийн штаб 500 хүнтэй морьт хороо, 40 хүн бүхий хотын комендант. Улаанбургаст 600 хүнтэй 1, 2-р морьт хороо. Эвцэг ба Хиагтын хооронд 300 хүнтэй 4-р хороо. Мөн Эвцэгт 500 хүнтэй 3-р морьт хороо буюу 1940 цэрэг, 12 пулемёт, 7 их буу байсан байна. Хятад цэргийн энэ их хүчний эсрэг Монголын 400 орчим хүнтэй, хоёр их буу, 4-5 пулемёт болон буудлагын бусад зэвсгээр зэвсэглэсэн ардын журамт цэргийн ангиуд сөрөн зогсож байжээ. Үүнийг түүхчид судлаад Хиагтын байлдааны өмнөх монгол, хятад цэргийн тоо 1х4.8, их буу 1х3.5, пулемёт 1х2.4 харьцаатай байжээ хэмээн “Монгол цэргийн түүхийн товчоон” номонд бичсэн байна.
Эрх чөлөө, тусгаар тогтнолыг халуун амь, бүлээн цусаараа бидэнд авч ирсэн өвгөд дээдэс маань Эх орноо харийн дайснаас чөлөөлж, харийн ноёрхлыг устгах, үндэсний эрх чөлөөг олж авах чин зорилгын дор нэгдэн ийн тэмцэж байжээ.