Д.Уранчимэг: Хүн рүүгээ, хэрэглэгчид рүүгээ чиглэсэн олон талт ажлыг хийхээр зорьж байна
Сэлэнгэ аймгийн ХЭАХН-ийн тэргүүн Д.Уранчимэгтэй уулзаж, үйл ажиллагааных нь талаар товчхон ярилцлаа.
-Юуны өмнө танд удахгүй болох ойн баярт тань баяр хүргэж, амжилт хүсье?
-Баярлалаа.Монгол Улсад хэрэглэгчдийн хөдөлгөөн үүсч хөгжсөний болон МХЭАХН-ийн үндэсний холбоо байгуулсны 30 жилийн ойн баярын мэндийг Сэлэнгэ түмэндээ болон холбооныхоо хамт олонд өргөн дэвшүүлье.
-ХЭАХН /хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг/-ийн гол зорилго, үйл ажиллагаа яг юунд чиглэж ажилладаг вэ?
-Манай ХЭАХН маань нь товчхондоо иргэд-хэрэглэгчдийн төлөө нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллага. 1991 оноос хойш тууштай үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллага ямар нэг анги, бүлэг, нам, эвслийн эрх ашгаас үл хамааран “Төрийн бус байгууллагын тухай”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хууль болон бусад тогтоомжийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд нийтлэг үйл ажиллагаа явуулдаг. МХЭАХН-ийн үндэсний холбоо маань Сэлэнгэ аймагт үүсч хөгжөөд өдгөө 21 жил болж байна. Бидний үйл ажиллагаа энэ хугацаанд иргэд, хэрэглэгчиддээ хүрч ажиллаж чадсан гэж үзэж байгаа.
-Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгонд тус бүртээ салбар зөвлөлтэй гэж сонссон. Нэлээд өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Энэ талаар?
-Тийм шүү. Бид 17 сум, 6 тосгонд тус бүртээ салбар зөвлөлтэй. Жил бүр ажлын тайлангаа нэгтгэж, үндэсний холбоондоо тайлагнан ажилласаар ирлээ. Өнгөрсөн онд болсон орон нутгийн сонгуулийн дараа салбар зөвлөлүүдээ шинэчилж зохион байгуулан 30 жилийн ойн хүрээнд хийх ажлаа эрчимтэй эхлүүлээд явж байна.
-Төлөвлөсөн ажлаасаа тодруулаач. Тухайлбал ямар чиглэлд гол анхаарлаа хандуулж байна вэ?
-Манай байгууллага төлөвлөгөөт ажлуудыг аймгийн ИТХ, ЗДТГ, мөн сумдын ИТХ, ЗДТГ-тай болон үйлдвэрлэл үйлчилгээний газруудтай хамтран явуулдаг. Ингэхдээ хүндээ, хэрэглэгчдэдээ чиглэсэн тэдгээрийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэсэн олон талт ажилд шамдан орж хийхээр зорьж байгаа.
-Өнгөрсөн онд хийсэн гол гол ажлуудаасаа сонирхуулбал?
-Одоогоор бид 2020 оны ажлын тайлангаа төв рүүгээ явуулаад дууссан. Гол ажлууд гэвэл 17 сум, 6 тосгонд ТББ, нийтийн хоол, зоогийн газар, зочид буудал, дэн буудал гэх зэрэг үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавихын зэрэгцээ сургалт зохион байгуулсан. Эдгээр байгууллагуудын үйлчилгээ иргэндээ хүрч чадаж байна уу, ёс зүйтэй байж чадаж байна уу гэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн үр дүнг тооцож байна. Үнэхээр иргэдэд хүрсэн үйл ажиллагаатай байгууллагуудыг шалгаруулан урамшуулж “Иргэдийн найдвартай түнш” байгууллагаар тодруулж, шагнадаг. Мөн ХЭАХ-ийн мэргэшсэн шинжээчийн сургалтыг хэрэглэгчийн удирдлагын академитэй хамтран зохион байгууллаа. Энд 17 сум, 6 тосгоны 40 хүнийг хамруулан, сертификат олгож, үнэмлэхжүүлсэн байгаа. Энэ нь хэрэглэгчийн төлөө илүү олон баг хамт олон ажиллахад маш их түлхэц өгч байгаа хэрэг л дээ. Яахав манай аймгийн нэг давуу тал нь өөр аймаг орон нутагт сургалт хийж, хууль ёсны дагуу сертификатжуулсан аймаг одоогоор маш цөөн. Тиймдээ ч байгууллагынхаа хүрээнд манай аймаг илүү ихээр хөгжилд түүчээлж байна гэхэд болно.
-Хэрэглэгчийн эрх ашиг гэдэг маань агуулгаараа нэлээд өргөн цар хүрээтэй юм шиг. Аймгийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд ямар байгууллагын хэчнээн хүн ажиллаж байна вэ?
-Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаална гэдэг их том ажил, цар хүрээ агуулга ихтэй л дээ. Ганц хоёр хүн хүчирч хийх ажил биш. Тийм болохоор асар их хүний сэтгэл, баг хамт олны нэгдсэн үйл ажиллагаа байж энэ ажлыг хийдэг. Би өөрийнхөө хамтран зүтгэгч нарт талархлаа илэрхийлье. Манай аймгийн ХЭАХН-ийн удирдах зөвлөлийн даргаар Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн дарга Д.Ган-Отгон, ХЭАХН-ийн Сүхбаатар сумын салбар зөвлөлийн даргаар Засаг даргын орлогч Б.Отгонзаяа ажилладаг. ХЭАХН-ийн удирдах зөвлөлийн гишүүдэд .гишүүн Ч.Алтангэрэл, Д.Гантулга, Б.Ундрах, Д.Отгонтуяа нар ажиллаж байна.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.