Боловсролын салбарын боловсон “шантаажчид” амьдралд тавтай морил!
“Ковид-19” вирус цар тахлын хөл хорионы улмаас бүх шатны боловсролын байгууллага цахим сургалтанд шилжээд багагүй хугацаа өнгөрлөө. 2021 оны хоёрдугаар улирал эхэлж байгаатай холбоотойгоор оюутан суралцагч нар төлбөрийн асуудлыг хөндөж эхлэв. Учир нь төлбөрөө бүрэн төлсөн суралцагчдын хичээл сонгох, шалгалт өгөх эрхүүд нээгддэг. Төлбөр нэхсэн захиралуудын цагаа олоогүй “шантааж” хямралд нэрвэгдсэн өрхийн санхүүг элгээр нь хэвтүүлэхэд хүргэлээ.
Танхимын сургалт, цахим сургалтын эрс тэс ялгааг болон цахим хичээл үр дүнгүй байгаа талаар суралцагчид, тэдний ар гэрийнхний зүгээс шүүмжлэлтэй хандаж буй. Тиймээс өнгөрсөн улирлын хичээлийн төлбөрийг энэ улиралд шилжүүлэхийг шаардаж эхэлсэн. Энэ асуудлаар буюу сургалтын төлбөрийг бууруулах ёстой гэсэн байр сууринаас “Монголын оюутны холбоо” БШУЯ-д ч хандсан. Харин яамны зүгээс сургуулийн удирдлагуудтай уулзаж, шийдэлд хүрэх зорилгоор тодорхой үүрэг, чиглэлүүдийг өгчээ. Цухас дурдвал, аливаа төлбөрийн асуудлыг оюутанд дарамт үүсгэхгүйгээр шийдэх, хоёрдугаар улирлын хичээл сонголт хийн баталгаажуулахад төлбөр нэхэхгүй байхаар дотооддоо зохицуулалт хийх гэх мэт есөн үүрэг чиглэл өгсөн байна. Гэвч одоогоор чиглэлийг дагаж, үүргээ биелүүлэхээ мэдэгдсэн нэг ч сургууль алга. Тэд хөрсөн дээр газардахад хэцүү байгаа бололтой. Тухайлбал, Этүгэн сургуулийн удирдлагын зүгээс уулзалтын үеэр цахим сургалтыг асар их зардлаар босгож ирсэн, цахим сургалтанд оюутнуудын 80 хувь нь сэтгэл хангалуун байгаа гэж хэлсэн боловч тус сургуулийн оюутнууд эсрэг байр суурьтай байгаагаа "хайр найргүй" илэрхийлж байна.
Олон улсын жишгээс харвал, бүх томоохон их сургуулиуд цахим хичээл, цахим номын сан зэргийг үнэ төлбөргүй болгожээ. Бид ч үүнээс суралцах хэрэгтэй хэмээн оюутан суралцагч нар хэлж байна. Энэ асуудал хувийн хэвшлийн боловсролын байгууллагуудад ч хамаатай.
Сургуулийн урсгал зардал хэмнэгдэж байхад яагаад ч танхимаар хичээллэсэнтэй ижил хэмжээний төлбөр төлөх нь зохисгүй гэдэг нь хэнд ч тодорхой асуудал.
Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг үг дуугүй төлдөг байсан эцэг эхчүүдийн 60 хувь нь ажлын байраа алдаад байна. Их, дээд болон хувийн сургуулиудын дундаж төлбөр гурван сая төгрөг. Төлбөртэй нийцэх хэмжээний боловсрол авах нь зүй ёсны хэрэг боловч цахим хэлбэрт шилжсэнээс хойш багш нар бие даалт өгөхөөс хэтрэхгүй, “интернэтээс хайгаад үзчих зүйл”-ийг энэ их төлбөрийн хариу болгож зааж байгаа нь харамсалтай гэж тэд үзэж байгаа юм.
Төрийн мөнгө гэж байдаггүй гэдэг. Татвар төлөгчдийн мөнгөнөөс хувьсах зардал авч байгаа тэдгээр “эрхмүүд”-ийн бөглөсөн шилэн дансыг шагайвал бас сонирхолтой зүйл их байна. Харин төрөөс авсан мөнгөөр хадгаламжаа өсгөдөг хувийнханд хэн хэзээ хяналт тавих нь одоо ч тодорхойгүй байсаар...
Тиймээс ядаж энэ цаг үед хөрсөн дээрээ бууж “бодит амьдралд тавтай морил” гэж боловсролын салбарын боловсон “шантаажчид”-ыг уримаар байна.
С.Чинтогтох