Эрдэмтэд хүний хоногт УНТАХ ЦАГИЙГ насны ангиллаар тогтоожээ

529

Нойр гэдэг нь шинжлэх ухааны хэлээр мэдрэлийн тогтолцооны амралт ажээ. Оросын нэрт сэтгэлзүйч, эрдэмтэн И.П.Павлов “Унтах гэдэг нь өдрийнхөө ажилд ядарч туйлдсандаа муужран унахыг хэлэх бус, уураг тархины мэдрэлийн олон сая эсүүдийг үхэхээс аварч, бүх бие махбодыг хэт цочрол, мэдрэлийн ядаргаанаас хамгаалж байгаа явдал юм” хэмээн тодорхойлжээ.
Өөрөөр хэлбэл, унтах гэдэг нь маргаашийнхаа эрч хүчийг сэлбэж амьдралаа тэтгэж, амьд явах баталгаагаа хангаж буй хэрэг юм. Хүн, амьтны хүчээ сэлбэх нойрны үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байдаг билээ.
Хүний хоногт унтах ёстой цагийг эрдэмтэд ийнхүү тогтоожээ
  • Сая төрсөн нярай- 22-23 цаг
  • 2-4 насны хүүхэд-дунджаар 15-16 цаг
  • 4-7 насны хүүхэд-дунджаар 11-12 цаг
  • 8-10 насны хүүхэд-10-11 цаг
  • 11-12 насны хүүхэд- 10 цаг
  • 13-14 насны хүүхэд -9.5 цаг
  • 15-16 насны хүүхэд -9 цаг
  • 17-18 насны хүүхэд -8.5 цаг
  • Насанд хүрсэн хүмүүс- 7-8 цаг
  • Хөгшид- 5-7 цаг унтахад л хангалттай аж.
Харин дээрх тогтоосон хэмжээнээс бага ба их унтах нь эрүүл мэндэд хортой болох нь олон улсын нойр, мэдрэл судлаачдын дүн шинжилгээгээр тогтоогджээ. Нойр дутуу явах юм уу, хэт их унтсанаар хүний анхаарал сулардаг байна. Энэ нь цаашлаад машин жолоодох, зам тээврийн хөдөлгөөнд оролцох үед илэрч осол гаргах эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.
Мөн хүний унтах хугацаа наснаас нь хамаарч хүүхдүүд олон цагаар унтаж байхад хөгшид бараг унтдаггүй нь юутай холбоотой вэ гэдгийг эрдэмтэд судлан дараах дүгнэлтэд хүрчээ.
Эмэгтэйчүүд эрчүүдээс их унтдаг
Энэхүү хугацааг шинжлэх ухааны үндэслэлтэй олон жилийн судалгаагаар нотлон гаргасан байдаг аж. Учир нь хүний нойрны хэмийг 1-2 цагаар хорогдуулахад биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй, сэтгэн бодох чадварыг алдагдуулдгийг онцолжээ. Мөн ихэнх эцэг эхчүүд хүүхдээ нойрыг нь хасч онц сургах гээд байдаг муу зуршилтай гэнэ. Хүүхдийг цагийн хуваарийн дагуу, тодорхой цагт унтуулж амраахгүй бол онц сурах нь битгий хэл эсрэгээр өвчин эмгэгт өртөмтгий болгодог байна.
Нойр нь эрүүлжүүлэх агуу их чадалтай
Өдрийн турш ажиллаж, ядарч сульдан хөдлөх ч тэнхэлгүй болсон бие унтаад сэрсний дараа сэргэлэн цовоо огт өөр, эрүүл болсон байдгийг бид мэднэ. Нойр ийм л ид шидтэй, эрүүл болгох увидастай юм. Үүнийг эмнэлэгт нойрыг эмчилгээнд ашиглан баталжээ. Бүх төрлийн хагалгаа хийхэд, мөн өвчтөнийг эрчимт эмчилгээнд унтуулж эмчилдэг нь эдгээрийн нотолгоо болж байна. Мөн “Өдрийн шархыг нойроор эмчил” хэмээн нэрт зохиолч, утга уянгын зохиолын мастер Шекспир хэлсэн байдаг. Хүний биед 15-16 тэрбум эс байдаг. Эдгээр нь 3000-4000 холбоо хэлхээтэй бөгөөд эд, эсээ амрааж байх нь юунаас ч илүү чухал гэнэ. Иймээс нойр талхнаас ч илүү эрхэм гэдэг үг гарсан байх гэмээр.
Нойр муутай явахын хөнөөл
Наад зах нь л мэдрэлийн ядаргаанд орж эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирно. Ядаргаанд орсон хүний үс шингэрч халцрахын хамт царай алдан үрчлээтэж, үеийнхнээсээ түрүүлж хөгширдөг гэсэн судалгаа бий. Мөн сүүлийн үед бүх насныхны дунд өргөн дэлгэрээд байгаа альцхаймер (мартамхай болох,ой санамжаа алдах) өвчин тусах нь нойр муугаас шалтгаалдаг аж. Түүнчлэн багадаа бага унтдаг байсан хүүхэд өсдөггүй. Нойр, өсөлт хоёр нь нягт холбоотой.
Нойргүйдэл
Нойр гэдэг амралтын, эрч хүчээ нөхөх боломжоо эдэлж чадахгүй байгаа байдлыг нойргүйдэл гэнэ хэмээн эрдэмтэн И.П.Павлов тодорхойлжээ. Энэ нь ихэвчлэн өглөө сэрэхэд бүх булчингууд өвдөж, хачин зүйлс зүүдлээд байсан ч юм шиг санагдах зэргээр илэрдэг байна. Олон шөнө нойргүй явсанаас нүднээс гарч, ууртай, арьс хуурайшиж өнгө зүсээ алдан, өтгөн хаталт ихэсдэг байна. Оюун санааны хувьд сэтгэцийн өөрчлөлтүүд илэрч эхэлдэг аж. Юм амархан мартах, амархан уурлаж баярлах, гомдох, уйлах гээд тогтворгүй болж ирдэг нь тогтоогджээ. Хамгийн хачирхалтай нь долоо хоног огт унтаагүй хүнд сэтгэцийн эмгэг шинж тэмдгүүд болох дэмийрэх, солиорох шинжүүд илэрдэг байна.
Нойргүйдлийн эмчилгээ нь тун амархан байдаг
Нойргүйдэл үүсэх шалтгаан нь би унтаж чадсангүй ээ гэсэн харамссан бодол санаа нь нэрмээс болдог гэнэ. Энэ нь шөнө нойр хүрэхгүй үедээ хүн байн байн цагаа харж босч яван телевиз үздэгт байгаа юм. Мөн маргааш нь сэрээд ажлынхан, найз нөхөд, танилууддаа хэрхэн унтаж амарч чадалгүй шөнийг өнгөрөөсөн тухайгаа ярьдагт байдаг байна. Орчны дуу чимээ сонсогдоод би амарч чадсангүй гэж ярьдаг хүмүүс дотоод ухамсартаа тархи амарч чадсангүй гээд итгүүлчихсэн учраас унтсан ч тархи нь амардаггүй аж. Гэтэл нойрон дунд нь ямар нэгэн чимээ сонсогдож байгаа ч огт анхаарал хандуулалгүйгээр тайван унтаж чаддаг хүмүүс байдаг. Нойр судлаачдын зүгээс шөнө нойр хүрэхгүй байгаа тохиолдолд дараах зөвлөгөөг өгч байна.
  • Цагаа бүү хар
  • Тухайн үед телевиз үзэх, ном уншихаас зайлсхий.
  • Нойргүйдсэн үед маш олон бодлууд ар араасаа хөврөн урсдаг. Үүнийг таслан зогсоо. Юу ч битгий бод. “Би унтаж байна, би амарч байна” гэж өөрийгөө ятга гэж зөвлөжээ

Эх сурвалж:   Эх сурвалж:  Улсын Нэгдүгээр төв эмнэлэг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn