Стандартад нийцсэн нөхөн сэргээлт хийж байна
“Нөхөн сэргээлт-2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газраас хамтран Ерөө сумын нутаг “Ялбаг”, “Бэрлэгийн цагаан тохой” гэх газарт хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад дээрх газруудад “Монтэнгэр” ХХК 0.6 га талбайд техникийн нөхөн сэргээлт, “Бэрлэг майнинг” ХХК 6 га талбайд биологийн нөхөн сэргээлт, 8 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн аж. Эдгээр компаниуд “Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрсэн нөхөн сэргээлт техникийн шаардлага” MNS 5717-2008, “Эвдэрсэн газрыг ургамалжуулах, техникийн ерөнхий шаардлага” MNS 5918-2208 стандартуудад нийцүүлэн нөхөн сэргээлтээ хийж гүйцэтгэж байсан байна.
Мөн хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 76 тоот “Нөхөн сэргээлтийн өдрийг зарлах тухай” тогтоолыг танилцуулсан аж. Түүнчлэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу нөхөн сэргээлт хийх, цаашлаад боломжит бүх талбайд нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгөх талаар улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг өгчээ.