Орон байрны хулгай өмнөх оноос 58.8 хувиар буурчээ

Уламжлалт цагаан сарын баярын өдрүүдэд иргэд хулгайд эд зүйлсээ алдах, орон байраа удаан хугацаагаар хараа хяналтгүй орхисноос хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэлээд бүртгэгддэг. Эзэнгүй байх энэ үеийг ашиглан ахуйн хүрээний хулгай өсдөг тал бий.
Тодруулбал, сар шинийн баярын өдрүүдэд буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-20-ний өдрүүдэд цагдаагийн байгууллагад улсын хэмжээнд хулгайлах гэмт хэргийн шинжтэй 127 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны сар шинийн баяр амралтын өдрүүдэд бүртгэгдсэн хулгайлах гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллээс 181 дуудлагаар бага буюу 58.8 хувиар буурсан үзүүлэлт гарсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогсдыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /хулгайлах гэмт хэрэг/ буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэлд хамаарна. Энэ гэмт хэрэгт 240-өөс 720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон мөн адил хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг.
Иймд, иргэд та бүхэн орон байрныхаа хаалга, цонхыг хааж бүрэн түгжигдсэн эсэхийг шалгах, их хэмжээний бэлэн мөнгийг гэртээ хадгалахгүй байхыг зөвлөж байна. Мөн иргэд өөрсдийн орон байраа эзэнгүй удаан хугацаагаар орхиж явахдаа хамаатан садан, найз нөхөд, хөрш айлдаа захих, хөршийн холбоогоо сайжруулах шаардлагатай. Цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай ажил арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.