Төмөр замын агентлаг байгуулахыг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.01.07/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Дараа нь “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Тогтоолын төслийн талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танилцууллаа. Тэрбээр, Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд тус хуулийн 10 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаар тогтоолд “төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх”-аар тус тус заасан.
Гэвч Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн батлахдаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрыг тусгалгүй орхигдуулсан хэмээлээ.
Сайд Д.Дэлгэрсайхан, ОХУ, БНХАУ болон төмөр замын чиглэлээр идэвхтэй харилцдаг бусад улс орнууд төмөр замын тээврийн үйл ажиллагаанд хяналт зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хэрэгжүүлэгч агентлаг буюу Төмөр замын газартай байдаг. Манай улс хөрш орнуудтай ижил түвшний байгууллага байхгүй, тус үүргийг “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэг гүйцэтгэсээр ирсэн гэлээ.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж хэрэглэгчийн тоо өссөн бөгөөд 2007 онд хууль батлагдаж байх үед суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нэг байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч 4, тээвэрлэгч 4, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүний эзэмшигч 250 орчим болж нэмэгдэн, төмөр замаар тээвэрлэсэн ачааны хэмжээ 14.8 сая тонн байсан бол 2024 оны байдлаар 42.5 сая тонн болж 2.8 дахин өсчээ. Энэ салбарт нийт 15 мянга орчим хүн 1115 км замыг хариуцан ажиллаж байсан бол ойрын үед хэрэгжихээр шийдвэр гарсан төмөр замуудтай нийлээд сүлжээний нийт урт 4200 км болж 3.7 дахин өссөн байна. Энэ хэрээр ажиллах хүчний тоо 50 мянга болж 3.3 дахин нэмэгдэх тооцоолол гарч байгааг сайд тодотгосон.
Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдах Төмөр замын газар нь өсөн нэмэгдсээр байгаа тээврийн хэрэгцээг хангах, төмөр замын суурь бүтцүүдийн галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч болон тээвэрлэгч хоорондын харилцааг зохицуулах, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх, төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх, тээврийн сүлжээг өргөжүүлэх, төмөр замын чиглэлийн судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаан, технологи, инновацыг нэвтрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төмөр замын салбарт мөрдөх дүрэм, журам, стандартыг боловсронгуй болгох, төмөр замын тээврийн үйлчилгээнд оролцогч олон өмчийн хэлбэрийн хуулийн этгээдийн зах зээлийн өрсөлдөөний тэгш байдлыг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрыг байгуулахдаа Зам, тээврийн сайдын 2025 оны төсөвт багтаан “Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтын нэгдсэн төв” улсын үйлдвэрийн газрыг татан буулгаж, Зам, тээврийн яамнаас агентлагийн чиг үүргийг хэрэгжүүлдэг тодорхой тооны орон тоог шилжүүлэх замаар улсын төсөвт дарамт учруулахгүйгээр байгуулахаар төлөвлөсөн байна.
Хэлдэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив.
Мөн хуралдаанаар “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт гараагүй бөгөөд УИХ-ын гишүүдээс гаргасан төслийн нэрийг өөрчлөх, зарим заалтыг өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо