ХААН Банк хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх стратегийн санамж бичигт гарын үсэг зурлаа

185
ХААН Банк нь Нидерландад төвтэй Рабо банкны толгой компани болох “Rabo Partnerships’ компани, “Share Mongolia” ТББ, “Хөгжлийн шийдэл” ТББ-тай Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилгын хүрээнд стратегийн түвшинд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд малын тоо толгойн ашиг шимийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйн салбарыг бий болгох чиглэлд хамтран ажиллах бөгөөд талуудын техникийн зөвлөх үйлчилгээ, санхүүгийн чадавх, орон нутгийн малчдын оролцоог хангасан байдал зэрэг туршлага, давуу талууд дээр түшиглэн энэхүү түншлэлийг хэрэгжүүлэх юм. Тухайлбал, хөдөө аж ахуйн хоршоодод тулгардаг гол сорилт, асуудлуудад чиглэсэн хамтын судалгаа, хоршоодын зохион байгуулалтын бүтцийг сайжруулах, үйл ажиллагааны үр нөлөө, нийгэм эдийн засагт оруулах хувь нэмрийг үнэлэх болон Шинэ Зеланд улсын сайн туршлагыг нутагшуулах зэрэг ажлыг төлөвлөөд буй.
Рабо банкны төлөөлөгчид Монгол Улсад 5-р сарын 13-18-ны өдрүүдэд ажиллаж, анхан шатны судалгаа, хэрэгцээ шаардлагыг тодорхойлон, Монгол орны цаг уурын эрс тэс уур амьсгалд дасан зохицон хөгжиж буй хөдөө аж ахуйн салбарын бодит нөхцөл байдалтай танилцлаа. Мөн салбарын гол төлөөлөгчидтэй уулзаж, улмаар төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай стратегийн уулзалт зохион байгуулж, орон нутгийн хөгжилд хөдөө аж ахуйн үзүүлж буй үр нөлөө, тулгарч буй асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, ойлголт авсан юм.
Монгол Улсад ажиллах хугацаандаа хүнс, хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдэд энэ салбарт хөрөнгө оруулах боломж олгохын тулд санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ шаардлагатай байгааг тодорхойлсон байна. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарын бизнесийн мөчлөг, онцлогт тохирсон уян хатан нөхцөлтэй, урт хугацаатай, барьцаа хөрөнгийн шаардлага багатай, эргэн төлөлтийн уян хуваарьтай зээлийн хэрэгцээ байгааг онцолсон бол нөгөө талаас хөдөө аж ахуйн салбарыг мэргэшүүлэх шаардлагатай байгааг дурдсан байна. Энэхүү стратегийн түншлэлийн хүрээнд шилдэг санхүүгийн байгууллага болох ХААН Банк, орон нутгийн төр захиргааны байгууллага, хувийн хэвшил, малчид, олон улсын түншүүд Монгол улсад илүү тогтвортой хүнс, хөдөө аж ахуйн бизнесийг хөгжүүлэхэд шаардлагатай судалгаа, санхүүжилт, техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ зэрэг олон талт чиглэлээр хамтран ажиллах юм.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn