Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Түмэнцогт, Халзан, Мөнххаан зэрэг сумын нийт бэлчээрийн 54 хувь нь доройтжээ

138

Монгол Улсын тэргүүний сум болох Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд өнөөдөр (2023.04.18) “Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Сүхбаатар сумын Засаг дарга Б.Батхүрэл, ИТХ-ын дарга Г.Хүрэлсүх болон Сүхбаатар, Баруун-Урт, Асгат, Мөнххаан сумын малчдын төлөөлөл, газрын даамал, багийн Засаг дарга, ИНХ-ын дарга, холбогдох салбарын мэргэжилтнүүд зэрэг 150 гаруй хүний төлөөлөл оролцож төслийн хүрээнд санал, байр сууриа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат Бэлчээрийн тухай хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагын талаар хэлэлцүүлэгт оролцогчдод мэдээлэл өгч, танилцуулгыг хийлээ. Тэрбээр, “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг зохицуулах асуудлыг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан. Бэлчээрийн тухай хуулийг батлах зайлшгүй шаардлага бий болсон. Мөн УИХ-д өргөн мэдүүлэхээр боловсруулж буй Газрын тухай хуульд бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд уул уурхай, мал аж ахуйг зааглаж тусгасан. Отрын нөөц бэлчээр, бэлчээр ашиглагчдын бүлэг, дамжин өнгөрөх бэлчээр, бэлчээрийн даац, бэлчээр ашиглагч,  улирлын бэлчээр, нийтийн ашиглах бэлчээр зэрэг нэр томьёоллыг тодорхой тусгаж байгаа. Эдгээр зохицуулалтууд бол бэлчээр ашиглалтаас үүдэлтэй малчдын дунд үүссэн маргааныг цэгцлэхийн зэрэгцээ бэлчээрийн доройтлыг бууруулахад чухал түлхэц болно” гэв.


Бэлчээр бол нөхөн сэргээгддэг баялаг. Бэлчээрийн доройтлыг малын тоо толгой, уур амьсгалын өөрчлөлтөөс болж байна гэж иргэд талцдаг. Дорнод аймгаас бусад аймагт бэлчээрийн даац хэтэрсэн. Бэлчээрийн даац хэтэрснээс малын тарга хүч дутмаг байна. Түүнчлэн малын өвчлөл ихсэж, ургамлын шимт чанар 30-40 хувь буурсан. Сүхбаатар аймагт бэлчээр хуурайшиж, ургамлын био масс буурахын зэрэгцээ хялгана шарилжаар солигдож байна. Бэлчээр сэлгэж өнжөөхгүй бол малд шаардлагатай шимт өвс, ургамал ургах боломжгүй. Монгол орны нийт бэлчээрийн 75 хувь нь доройтсон, үүний 12 хувь нөхөн сэргээгдэх боломжгүй хэмжээнд хүрээд байна. Нийт доройтсон бэлчээрийн 80 хувийг сэлгэж, өнжөөвөл бэлчээр сэргэх боломжтой. Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Түмэнцогт, Халзан, Мөнххаан, Уулбаян зэрэг сумын нийт бэлчээрийн 54 хувь нь доройтолд орсон гэдгийг Монголын бэлчээрийн нэгдсэн холбооны Бэлчээр судлаач Д.Бурмаа хэллээ.

Сүхбаатар сумын малчдын хувьд уул уурхай, малчдын бүс нутгийг тодорхойлох шаардлагатайг хэлж байлаа. Тухайлбал, уул уурхайн компаниуд мал бүхий бүс нутагт худаг гаргаж, гүний усыг үр ашиггүй зарцуулж байгааг малчид шүүмжилж байв. Бэлчээр ашиглалтын гэрээг бүс нутгийн бэлчээрийн онцлог, малын тоо толгойтой харьцуулж хийх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах талаар мэргэжилтнүүд байр сууриа илэрхийллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn