Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эрчимжүүлэхээр тохиролцлоо
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар өнөөдөр хэлэлцээ хийж хамтарсан мэдэгдэл хийв.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ярихдаа: "Монгол-Хятадын найрсаг харилцаа хамтын ажиллагааны талаар хэлэлцээний хүрээнд Монгол-Хятадын хамтын ажиллагааг дүгнэж, айлчлалын давтамжийг тогтмолжуулах, эдийн засаг, хил гаалийн асуудлыг хөндлөө. Цар тахал болон олон улсын харилцааны нөхцөл байдал тогтворгүй энэ үед хөрш орны найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд талууд санал нэгдлээ. Улмаар Монгол-Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд талууд саналаа нэгтгэв. Тодруулбал хилийн боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтвортой хугацаанд явуулах нөхцөл бүрдэж байна.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцлоо.
Хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлснийг хэлэлцээний үеэр онцлон тэмдэглэж, цаашид худалдааг нэмэгдүүлэх боломжтой гэж дүгнэлээ. Түүнчлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах, газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд санал солилцов.
Мөн хэлэлцээний үеэр хилийн боомтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд "Гашуунсухайт-Ганцмод" боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэж, БНХАУ-д урт хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгууллаа. "Ханги-Мандал" боомтыг төмөр замаар холбох асуудлаар манай талын тавьсан асуудлыг анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагуудтай холбоо тогтоохоор тохиролцлоо.БНХАУ-ын далайн боомтуудаас Монгол улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлыг ярилцлаа.Хоёр орны төрийн тэргүүд харилцан тохирсон уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов. Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хувьд БНХАУ-д сурч буй монгол оюутнуудыг үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхээр тохиролцлоо. Мөн иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулахаар ярилцсан. Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн тул цаашид ч энэ чиглэлд хамтрана гэдгээ илэрхийлсэн. Хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, олон улсын эрх зүйт дэг журмыг бэхжүүлэхэд БНХАУ-ын оруулж буй хувь нэмрийг Монгол Улс өндрөөр үнэлж байгаа. Дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил, байгаль орчны асуудлаар Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Дэлхийн хөгжлийн санаачилга", "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга"-ыг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Өнөөдрийн хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байна. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад хийж байгаа айлчлалын үеэр Монгол-Хятадын хамтын ажиллагааны зарим тодорхой асуудлыг шийдвэрлэж бодит үр дүнд хүрсэн гэж дүгнэлээ. Монгол-Хятадын хамтын ажиллагаа цаашид ч үр өгөөжтэй үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.
"Гашуунсухайт-Ганцмод" төмөр замыг холбох санамж бичигт гарын үсэг зурлаа
Харин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ: "Монгол улсад хоёр жилийн дараа айлчилж байгаадаа сэтгэл хангалуун байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэлсэнчлэн хоёр улсын харилцааны талаарх асуудалд санал нэгтэй байна. Олон улсын өнөөгийн нөхцөл байдалд Хятад-Монгол хоёр улс нь сайн хөрш, сайн андын хувиар сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулахад бэлэн байна. Хятадын талаас дэвшүүлж байгаа “Бүс ба зам санаачилга”,"Дайн дэлхийн хөгжлийн санаачилга”, Монголын талаас дэвшүүлж байгаа “Талын зам”,“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг уялдуулан хөгжүүлж, хоёр улсын харилцааны хөдөлгөх хүч болгон тодорхойлж байна. Хэлэлцээний үеэр тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхээ талууд дахин нотоллоо. Түүнчлэн хоёр улс язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж, хятадын талаас монголын улс төрийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Монгол улсын талаас “Нэг-хятад” бодлогыг тууштай дэмжиж байгаагаа дахин нотолж, бусад улс орнууд Тайвань, Шинжаань, Хонгконгтой холбоотой Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгааг сайшааж, талархал илэрхийлж байна. Цаашид талууд хил орчмын хамтын ажиллагааг бэхжүүлж, хилийн боомтууд нээх, төмөр зам, автозам зэрэг дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр улсын хоорондын тээврийн гинжин хэлхээг хадгалахад хамтран ажиллахаа илэрхийлсэн.
Мөн хэлэлцээрээр "Гашуунсухайт-Ганцмод" төмөр замыг холбох санамж бичигт гарын үсэг зурлаа. Эл төмөр зам нь Монгол Улсын хөгжилд маш чухал ач холбогдолтой. Мөн байгаль орчны чиглэлээр хамтарч ажиллах, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг эрчимжүүлэхээр боллоо. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, бохир ус цэвэршүүлэх байгууламж, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд санал нэгдлээ.
БНХАУ болон Монгол Улс нь цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг эрчимжүүлж, ард түмний эрүүл мэнд, амь насыг хамгаалах, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх давтамжийг нэмэгдүүлж, хятадад суралцдаг монголын оюутнуудыг танхимаар хичээллэхийг дэмжив. Хоёр улс олон улсын түвшинд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон талт үзэл санааг баримтлан нээлттэй олон улсын санаачилгыг дэмжин, хятадын талаас дэвшүүлж байгаа “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-ыг дэмжин, хөгжиж байгаа орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахаа илэрхийллээ” хэмээн онцлов.