ЭМЯ: Сэлэнгэ, Дарханд тусгаарлагдсан 26 хүнээс коронавирус илрээгүй

548

Т.САЙХАН
ЭМЯ-наас /04.23/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.
Коронавирус- Монголд
2020 оны дөрөвдүгээр сарын 22-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Батлагдсан тохиолдлын хавьтал болох Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 26 хүнээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 159 хүн эмчилгээ, тандалтад үргэлжлэн хянагдаж байна. Вируслогийн төв лабораторид тандалтын шугамаар орон нутгийн 17 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.Батлагдсан 34 дэх тохиолдол буюу жолоочийн хүүхэд аавтайгаа уулзаагүй утсаар л ярьсан нь тогтоогдсон. Бүх камер, хяналтын шугамаар шүүж үзсэн гэв. 
Коронавирус- ОХУ-д
ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 5,262 тохиолдол нэмэгдэж, нийт 58 мянган хүн өвчилжээ.Манай улстай хил залгаа орших Эрхүү хотод 75, Буриадад 153, Алтайн бүгд найрамдах улсад 58, Тувад 13 хүн өвчилсөн байна. Нийт тохиолдлын 40 гаруй хувь нь Москва хотын ойр орчимд бүртгэгдсэн бөгөөд тархвар судлалын хувьд, 43 хувь нь хөнгөн, балархай хэлбэрээр өвчилж байгаа учир нян тээгчээс халдвар их тархаж байгаа гэж үзэж байна. Мөн тус улсын эрдэмтдийн судалгаагаар хүүхдүүд ихэвчлэн балархай хэлбэрээр өвчилж вирусийг удаан хугацаагаар ялгаруулж байна. Тиймээс хүүхдүүд томчуудад халдвар тараах эх уурхай нь болж байна гэж дүгнэжээ.
Коронавирус- БНХАУ-д
БНХАУ-ын эрдэмтэд, COVID-19 өвчнийг үүсгэгч SARS-2-т судалгаа хийж, 30 омог байна хэмээн үзсэн байна. Мөн хамгийн их нас баралтыг үүсгэдэг омог нь Европ, АНУ-ын Нью-Йорк хотод тархсан байгаа аж. Мөн судалгаагаар уг вирус нь 19 удаа хувьсаж, өөрчлөлтөд орсон байна гэж үзсэн байна. Энэ вирус маш эрчтэй тархаж, хувьсан өөрчлөгдсөөр байгаа учраас өөрт нь тохирсон эм, вакцин хийхэд нэлээд хүндрэл гарч болзошгүй байгааг анхааруулжээ.
Коронавирус-Дэлхийд
Дэлхийн 213 улс оронд бүртгэгдэж, нийт 2.6 сая хүн өвчлөөд байна. Мөн өвчний улмаас 184 мянган хүн нас барсан бол 700 гаруй мянган хүн эдгэрчээ. Одоогоор уг өвчний улмаас 1.7 сая хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм.
ДЭМБ-ын сануулга
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом энэ  долоо хоногт болсон хуралд оролцохдоо дэлхийн хүн амын маш бага буюу  2-3 хувь нь "КОВИД-19"-ийн дархлаа тогтсон байх магадлалтай байна гэж мэдээлэв. Гэхдээ иргэддээ дархлаа тогтсон гэж тооцоолон хөл хориог цуцлахгүй байхыг тэрээр улс орнуудад сануулав.
Эх сурвалж:www.polit.mn 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn