Францын долоон жуулчинд үйлчилсэн иргэнийг шинжилгээнд хамруулжээ
Өнөөдрийн байдлаар 1697 хүнийг тусгаарлан ажиглаж байгаа бол яг одоогоор 965 хүн ажиглалтын байранд эмчийн хяналтад байна. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ "Сэжигтэй тохиолдлын 291 хүн байгаа бөгөөд эдгээр хүмүүсээс шинжилгээ авч ажиллаа. Ихэвчлэн Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Өмнөговь, Баян-Өлгий аймгууд болон Асралт мэд, Жаргалант, Энх саран, Цэргийн төв эмнэлэгт сэжигтэй тохиолдлуудыг тусгаарласан. ХӨСҮТ-д нэг иргэнийг тусгаарлаад байна. Франц улсын долоон жуулчинд 02 дугаар сарын 29-нөөс 03 дугаар сарын 09-ны хооронд үйлчилж Хөвсгөл аймгийн Хатгалд очоод буцаж ирсэн нэг хүн гүйлгэж, халуурах гэсэн зовууртай байгаа бөгөөд шинжилгээ хийж байна.
Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хүмүүс дотор Бельги, Франц, Швейцар, Герман зэрэг улсуудаар дамжин ирсэн гэр бүлийн хүмүүс байна. Мөн Амстердам, Стамбул, Москва, Вьетнам, Хонконг, Сөүл, Эрхүү, Улаан-Үүд зэрэг газраар дамжин ирсэн иргэд маш олноор орж ирсэн байна. Ийм учраас ЭМЯ-наас өгч байгаа зөвлөгөөг сайтар дагахыг санууллаа.
Өчигдөр Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 244 иргэн ирсэн байна. Халуурсан болон гадаад паспортоо орхисон гэх шалтгаанаар зарим иргэд үлджээ. Мөн ХӨСҮТ-д Дэгү-Бусаны чиглэлийн нислэгээр ирсэн 10 иргэнийг тусгаарласан. Өнөөдөр өглөөний Берлин-Москвагийн онгоцоор 231 хүн ирснээс өндөр эрсдэлтэй газраас ирсэн, халуурсан гэх 17 иргэнийг тусгаарлаад байна. Нийслэлийн бүх дүүргийн эмнэлгийн эрчимт эмчилгээний орыг нэмэгдүүлж, нийт орны 10 хувийг эрчимт эмчилгээний ор болгон бэлтгэх үүрэг өгсний дагуу ажиллаж байна. Халдвар авсан Франц хүний биеийн байдал тогтвортой, ханиалгалт буурсан, хоол идэх дуршил нэмэгдсэн. Эмчилгээ үргэлжилж байна” гэлээ.
ТӨР.МНТ.АЛТАНЗАГАС