Сувиллын цэцэрлэгийг өргөжүүлж, өөрийн байртай болгохоор болов

363
Нэмэлт сувилгаа зайлшгүй шаардлагатай хүүхдүүдийг эмчлэн тэнхрүүлдэг цэцэрлэгийг 1992 онд Сэлэнгэ аймаг анх удаа орон нутагт байгуулсан байдаг. Аймгийн Нэгдсэн эмнэлгээ түшиглэн байгуулсан эл цэцэрлэгийг “сувиллын” нэртэйгээр нээн өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг нь тасралтгүй үргэлжлүүлж байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлэгт байрлаж буй эл цэцэрлэг нь өнөөдөр дэлхий нийтэд үүсээд байгаа цагийн нөхцөл байдал, коронавируст халдварын эрсдэл, өвчин эмгэгтэй хүмүүстэй зэрэгцэн хамтдаа байрлаж буй зэрэг нь хүүхдүүдийн хувьд хэр зохимжтой вэ гэдэг асуудлыг аймгийн Засаг дарга Ш.Оргил хөндсөн юм. Тэрээр холбогдох албаны хүмүүстэй санал солилцож, хуучин төмөр замын цэцэрлэгийн байранд энэхүү сувиллын цэцэрлэгийг шилжүүлэх саналыг гаргажээ. Одоогоос жилийн өмнө УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг шинэ цэцэрлэгтэй болж, хуучин цэцэрлэгийн барилгаа орон нутагт шилжүүлэн өгсөн юм. Энэ нь нийгмийн хариуцлагын хүрээн дэх том дэмжлэг болсон гэдгийг аймгийн дарга энэ үеэр онцлон тэмдэглэлээ. Тус байр нь жил гаруйн хугацаанд ашиглагдаагүйгээс элэгдэл хорогдолд орох, эзгүйрэх байдал үүсээд байгаа аж. Иймээс эзэнжүүлж, хүүхдүүдийнхээ асуудлыг эн тэргүүнд тавих зорилгоор шилжүүлэн байршуулах нь зөв гэж албаны хүмүүс үзжээ.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил: “Энэхүү цэцэрлэг нь хөгжлийн бэрхшээлтэй болон асаргаа сувилгаа зайлшгүй шаардлагатай тэр л хүүхдүүдэд зориулагдсан цэцэрлэг болж улам бүр өргөжих учиртай. Эхний ээлжинд нийгмийн хариуцлагын хүрээнд зарим байгууллагаар зайлшгүй хэрэгцээт ажил үйлчилгээг хийлгэе. Хаа хаанаа харилцан тус дэмтэйгээр хүүхдүүдээ тохь тухтай орчин нөхцөлд байлгая” хэмээв.
Д.Одгэрэл эрхлэгчтэй энэхүү 6 дугаар цэцэрлэг 12 ажилтан албан хаагчтай. Рахит, тураал, цус багадалт зэрэг суурь өвчтэй, хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 60 хүртэлх хүүхдийг 5 өдрөөр хоол эмчилгээ, бариа заслаар сувилдаг байна. Тус сувилал цэцэрлэг нь Монгол Улсад хоёр байдаг бөгөөд орон нутагт буй анхны тодотголтой цорын ганц цэцэрлэг юм.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn