Ерөнхийлөгчийн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тогтоолыг батлав.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолыг батлав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураах, тоолоход “New Image Cast” төхөөрөмжийг ашиглах тогтоолд тусгажээ.
Тогтоолыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд “New Image Cast” төхөөрөмжийн санал тоолох явц баталгаатай эсэхийг тодруулж байлаа. “New Image Cast” төхөөрөмжийг 2012 оноос хойш бүх шатны 9 сонгуульд ашигласан байна. Ингэхдээ нийт саналын 50 орчим хувьд гар тооллого хийсэн нь төхөөрөмжийн дүнтэй таарч байсан гэдгийг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран хэлсэн юм.
Тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.3 хувь дэмжиж батлав. Чуулганаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.