Иж бүрэн тохижилт, тоноглолтой эрүүл мэндийг дэмжих төвийг Сэлэнгэ аймагт байгуулна

474
Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.МөнхсайханДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар холбогдох албаны хүмүүсийн хамтаар өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 7-нд Сэлэнгэ аймагт ажилласан. Салбарын сайд эмнэлгийн тусламж, үйлчилгээг орон нутагт сайжруулах, "Ковид-19" цар тахлын үед эмч, мэргэжилтнүүдийг халдвар хамгаалал, ажиллах орчныг сайжруулах, Алтанбулаг боомтод үүсээд буй асуудлыг шийдвэрлэх зорилготой ажилласан байна.   
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ: -Одоо дэлхий нийтэд цар тахлын хоёр дахь давлагаа эрчимтэй тархаж, улмаар манай хөрш ОХУ-ын Хиагт, Наушки зэрэг сууринд батлагдсан тохиолдол нэмэгдэж байгаа нөхцөл байдал үүсээд байна. Сүүлийн 10 хоногт 9 ачаа тээврийн жолоочоос коронавирусний халдвар илэрлээ. Одоо бид халдварын бүсэд ажиллаж буй мэргэжилтнүүддээ, хилтэй ойрхон оршиж буй Алтанбулаг сумын 5000 гаруй суурин айлуудад анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах нэн шаардлагатай болоод байна. Тиймээс хамгаалалтын хувцас, хэрэгслийг илүү сайжруулах, хүйтний улиралд зузаан хувцасныхаа гадуур өмсөхөд хялбар болгох, сорьцын шинжилгээг Сэлэнгэ аймагт шуурхай хийж, цаг алдалгүй гаргах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тус аймагт ажиллаж байна. Мөн ОХУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад хамгийн өндөр зэрэглэлийн гэгддэг явуулын гуравдугаар зэрэглэлийн лабораторийг илгээсэн. Энэ явуулын лаборатори нь камаз автомашинд суурилагдсан, иж бүрэн тоноглогдсон байгаа. Үүнийг энэ өдөр ЗӨСҮТ-д хүлээлгэн өглөө. Энэхүү явуулын лаборатори нь  Алтанбулагийн боомтод байршина. Ингэснээр алслагдсан хил залгаа боомтуудад тандалтын судалгаа, шинжилгээ хийх боломж бүрэн бүрдэж байгаа юм” хэмээв.
Түүнчлэн сайдын бодлогод нийгмийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл болгосон талаараа ч дурдсан. Үүнийхээ хүрээнд Сэлэнгэ аймагт “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулна гэдгээ тэрээр өнгөрсөн 10-р сард Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд ажиллах үеэрээ хэлж байсан. Энэ удаа ч мөн үүнийгээ ажил болгоно гэдгээ тодорхой хэллээ. Эл төвийг байгуулснаар Сэлэнгэ аймгийн ард, иргэд жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх цогц үзлэг, оношилгоонд хамрагдах бөгөөд өвчлөлийг эрт илрүүлэх боломж нээгдэх аж. Тус төв нь 1.5-2 тэрбум төгрөгийн өртөг бүхий иж бүрэн тохижилт, тоног төхөөрөмж гээд шаардлагатай бүх талын тоноглолоор бүрэн хангагдсан байх ажээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn