Газар тариалангийн гол бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэхээс өөр гарц байхгүй

624


 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ дэвшилтэт техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн түүнд түшиглэсэн эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан эрхэлж байгаа “Гацуурт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус компани мах, сүү, гурил будаа, хүнсний ногоог цогцоор нь үйлдвэрлэж, Сэлэнгэ аймгийн 10 гаруй суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Компанийн ерөнхий захирал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар С.Чинбат: ”Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэхээр 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Энэ ажлын үр дүнд орон нутагт тогтвортой ажлын байрыг бий болгож, унаж байсан салбарыг хөл дээр нь босгосон. Газар тариалангийн салбарт 500 гаруй хүн ажиллаж байна” хэмээн танилцууллаа.
Тус компани өөрийн лабораторитой, Үр цэвэрлэх, Зөгийн бал савлах, Махны үйлдвэрүүдтэй аж. Мөн үр тариа, хүнсний ногоо, шатахуун, бараа материал хадгалах, махны агуулахуудтайгаас гадна хүнсний худалдаа эрхэлж, авто тээврийн үйлчилгээг үзүүлдэг байна. “Гацуурт” компанийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Засгийн газрын тэргүүн Сэлэнгэ аймгийн тариаланчдын төлөөлөлтэй уулзажсаналыг нь сонссон. Тариаланчдын зүгээс хөрсний үржил шимийг сайжруулах, энэ бүс нутагт бэлчээрийн мал аж ахуйг халж, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгарч байгааг хэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эх орноо эрүүл хүнсээр хангах үүргээ нэр төртэйгөөр биелүүлж яваа нийт тариаланчиддаа талархал илэрхийлэв. Тэрээр:”Сэлэнгэ аймаг газар тариалангийн гол бүс нутаг учир эрчимжсэн мал аж ахуй эрхлэхээс өөр гарц байхгүйг тариаланчид та бүхэн маань хэлж байна. Малчдад бэлчээрийн мал аж ахуйг энэ бүс нутагт эрхлэх боломжгүй гэдэг үг таагүй сонсогдох хэдий ч бид зохицохоос өөр аргагүй. Бид малчдынхаа эрх ашгийг ч бодно. Нөгөөтэйгүүр Монгол Улсынхаа 3,2 сая хүний гурилтай, талхтай байх хэрэгцээ шаардлагыг нэн тэргүүнд бодох ёстой. Та бүхэн маань энэ үржил шимт хөрсөндөө тарьж ургуулж чадах бүхнээ тарьж, шинэ нэр төрлөөр бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэхэд анхаарч илүү их бүтээлч ажиллаарай. Бид атрын 4 дүгээр аяныг зарласан. Энэ аян та бүхэнд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэл дүүрэн байна. Бид эрүүл хүнс үйлдвэрлэгч та бүхнээ бүх талаар дэмжиж ажиллана” гэв. Тэрээр Сэлэнгэ аймгийн тариаланчид, ногоочдын ургацын дээжис, шинээр гарган авсан бүтээгдэхүүнүүд, шинэ нэр төрлийн үр тариа, хүнсний ногооны сортууд, шилмэл омгийн үүлдэр угсааны малын үзэсгэлэн худалдаа, газар тариалангийн дэвшилтэт техник технологитой танилцсан. 



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn