Улсын хэмжээнд 1.3 сая тонн хадлан, 4.7 мянган тонн сүрэл бэлтгэжээ

2025 оны байдлаар улсын хэмжээнд 1.3 сая тонн хадлан, 4.7 мянган тонн сүрэл бэлтгэжээ. Мөн 51 мянган тонн ногоон тэжээл, 26 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 29.3 мянган тонн гар тэжээл, 3.4 мянган тонн дарш, 66.9 мянган тонн давс, хужир бэлтгэж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Өнгөрөгч даваа гарагийн байдлаар улсын хэмжээнд үр тариа, төмс, хүнсний ногооны ургац хураалтын ажил үндсэндээ дуусч, үтрэм дээрх ангилан ялгах, цэвэрлэх ажил үргэлжилж байгаа аж. Нийт 220.6 мянган га талбайгаас 242.6 мянган тонн үр тариа хураан аваад байна. Үүнээс 210.5 мянган га-гаас 240.0 мянган тонн улаан буудай, 9.9 мянган га-гаас 101.5 мянган тонн төмс, 15.1 мянган га-гаас 196.6 мянган тонн хүнсний ногоо, 54.3 мянган га-гаас 86.9 мянган тонн малын тэжээл, 47.4 мянган га-гаас 22.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ. Ургац хураалтын эцсийн дүн 11 дүгээр сарын 5-ны өдөр гарах аж.