Д.Эрдэнэбаяр: Хилийн баганыхаа дэргэдээс нар мандахыг харах сайхан

528


Сэлэнгэ аймаг дахь Хилийн 0243 дугаар ангийн, салбарын байлдагч Д.Эрдэнэбаяртай уулзаж хилчин байхын жаргал юунд оршдог тухай ярилцлаа.
-Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе.
-Сайн. Та бүхэнд энэ өдрийн мэнийг хүргэе.
-Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Д.Эрдэнэбаяр гэдэг. Би Булган аймгийн Тэшиг сумаас 2019 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн.
-Цэргийн алба хаах тэр дундаа хилийн цэрэгт алба хаах хамгийн гоё гэж алба хаасан хүмүүс ярьдаг. Учир нь юу юм бол?
-Үнэхээр гоё. Хилийн багана дээрээ ёслоод, хилийн манаанд явж сурсан. Хилийн манаанд өглөө эрт явж, хилийн баганыхаа хажууд нар мандахыг харах их дуртай. Маш гоё байдаг. Миний эх орон, газар шороо, уул, ус, амьтан ургамлаараа бахархдаг. Хилийн алба миний төсөөлж байснаас шал ондоо юм байна. Манайхан хилийн манаанд явах их дуртай. Гоё агсал морь, тэс хөндлөн явдаг морь, бяртай морьд унах хоббитой.
-Хилийн манаанд явахдаа айдаг уу. Ганцаараа явдаг уу?
-Үгүй ээ. Хилийн манаанд ганцаараа явдаггүй. Дарга болоод цэргүүдтэйгээ явдаг. Би цэрэгт ирэхээсээ өмнө их аймхай, орой үдэш гарахдаа их айдаг байсан. Одоо айхаа больсон. Ганцаараа явдаг болсон.
-Хилийн цэрэг болоод шинээр сурсан ажил, өөр бусад сурсан мэдсэн зүйл их л байгаа биздээ. Ямар үүрэг гүйцэтгэж байна?
-Алба маань ч их гоё байна. Энд хүрч ирээд агтны цэрэг болсон. Хийж чадахгүй юмыг маань хамт олон, заставын дарга, офицер, ахлагч, энгийн ажилчид нар маань зааж сургаж, хажуугаас дэмжиж байдагт маш их баяртай явдаг. Цэрэгт ирээд сурсан юм ч их байна. Чадахгүй зүйлээ сурч мэдэж авлаа. Чаддаг юмаа ч улам сайжруулж байна.
-Хилчин хүн болсноор эх орноо хайрлах сэтгэл зүрх нэмэгджээ гэж ойлгож болох уу?
-Би эх орноо дээш нь өргөнө дөө. Дордуулахгүй, муудуулахгүйн төлөө, мандуулахын төлөө зүтгэнэ гэж бодож явдаг. Улс эх орныхоо хөгжлийн төлөө өөрийн сэтгэл, биеэ зориулан хөдөлмөрлөнө гэж бодож явдаг. Хилчин хүн эх орон, төрөлх нутаг ус, ижий аавыгаа хайрлах сэтгэлийг ажил мэргэжил гэлтгүй ойлгож, ухаардаг юм шиг ээ. 
-За ярилцсанд баярлалаа. Албаа сайн хаагаад зорьсон үйлсдээ амжилт гаргаарай.
-Баярлалаа. 




скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn