Түгжрэлийн сайдаа хайж байна
Нийслэлчүүд өдөр бүр бухимддаг ч өнгөрсөн хоёр хоногт энгийн үеэс ч илүү бухимдав. Шалтгаан нь өнөө л түгжрэл. Уг нь манай улс Нийслэлийн түгжрэлийг бууруулах үндэсний хороотой, түүнийгээ удирдах сайдтай. Гэвч бүтэн өвлийн турш тус хороог ахалж, нийслэлчүүдийг гамшигт түгжрэлээс "аврах" сайд нь харагдсангүй. Өнгөрсөн өдрүүдэд Тээврийн цагдаагийн газар нь нийслэлчүүдийн зорчдог зам дээр туршилт хийхэд ч сайд гарч ирсэнгүй, дуугарсангүй. Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан таныг хайж байна.
Нийслэлийн түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан албаа аваад таван сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд түүний ажил, албаа гүйцэтгэж, түгжрэлтэй "үзэлцсэн" нь хуруу дарам л цөөн өдөр. Тухайлбал, гүндүүгүй гэх түгжрэлийн сайдын анхны бөгөөд сүүлийн тэмцэл нь өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 23-нд байв. Тус өдөр тэрээр "2028 онд метротой болох асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өнөөдрийн хуралдаанаар их хэмжээний багтаамжтай тээврийн хэрэгсэл буюу метроны танилцуулгатай холбоотойгоор ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх, арванхоёрдугаар сард багтаан ТЭЗҮ хийх олон улсын тендер зарлах үүргийг өглөө. ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх мөнгийг нийслэлийн төсвөөс гаргахаар боллоо" хэмээн хэлээд алга болсон.
Өнгөрсөн хугацаанд:
-Нийслэлчүүд автобусгүй -30 хэмд хэдэн цагаар зогсоход чимээгүй байв.
-Нийслэлчүүд зорчих чиглэлээ мэдэхгүй байхад чимээгүй байв.
-Нийслэлчүүд суух автобусгүй байхад чимээгүй байв.
-Нийслэлчүүд туршилтад орж, хэдэн цагаар түгжирч байхад ч чимээгүй гаргасангүй.
Тэр хаана байв.
Мэдээж Монгол Улсын сайдтай тэр бүр гудамж талбайд таарах боломжгүй. Гэхдээ цахим хуудсаар хэдийд ч, хэзээ ч таарч болно. Түүний хувьд иргэдийг түгжрэлээс үүдэн цаг зав, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирч байхад сонгуулийн тойргоо усалж, мэндчилгээ дэвшүүлж, гавьяат болон мянгат малчны тэмдгийг цүнх цүнхээр нь баглачихаад орон нутгаар хэсүүчилсэн. Үүнийгээ би зудын хүнд нөхцөлд буй малчдадаа туслаж, дэм болж явна гэх.
Тэгвэл орон нутгаас гадна осол аваар ихтэй нийслэлд жинхэнэ утгаараа "зуд" болж байна. Орон нутагт тохиох зуд бол малчдын эрүүл мэнд, "ганц" эд хөрөнгө болох мал хуйг үгүй хийдэг хортой. Харин нийслэлийн түгжрэлээс үүдсэн "зуд" нь иргэдийн хамгийн том эд хөрөнгө болох цаг хугацааг үгүй хийдэг. Ижил тал нь малчид зуднаар малаа, нийслэлийнхэн олох боломжит хөрөнгө мөнгийг, аз жаргал, амьдралаа, амраг нэгнээ /Нийслэлтийн түгжрэл нь гэр бүл салалтад нөлөөлж байгаа гэх судалгаа бий/ түгжрэлд алддагт буй.
Хэдийгээр орон нутгийн иргэдэд дэм болох нь буруу биш ч хариуцсан ажлаа, хариуцсан хэсэгтээ анхаар, ажил. Эсвэл түгжрэлийн түгжээг тайлахад түүний чимээгүй байх нь хүртэл тус болдог хэрэг үү...
https://itoim.mn/a/2024/03/14/society/spn