СЭЛЭНГЭ: Гүй Жөү мужийн төлөөлөгчид Сэлэнгэ аймагт зочиллоо
БНХАУ-ын Гүй Жөү мужийн төлөөлөгчид Сэлэнгэ аймагт ажлын айлчлал хийсэн байна. БНХАУ-ын Тяньжины гадаад хэлний их сургуулийн Хятад-Монголын судалгааны төвийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Лю Пен Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нарын урилгаар зочилсон байна.
Гүй Жөү муж нь БНХАУ дотроо аж үйлдвэр, аялал жуулчлал, цахилгаан автомашины үйлдвэрлэл өндөр хэмжээнд хөгжсөн муж хэмээн зочин Лю Пен танилцуулж байлаа. Иймээс туршлага судалж, энэ давуу талыг нь нутагшуулах боломжтой хэмээсэн.
Монгол, Хятад хоёр орны төр засгийн зүгээс “Нэг зам-Нэг бүс” төслийг харилцан үр ашигтай хөгжүүлэх дээд түвшний уулзалт, гэрээ хэлцлүүдийг удаа дараа хийсээр байгаа.
Энэ удаагийн уулзалтаар боловсрол, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, аж үйлдвэр, хилийн худалдаа зэрэг өргөн агуулгын хүрээнд ярилцаж, харилцан газар дээр нь туршлага судлахаар тохиролцлоо. Уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн Засаг даргын зүгээс мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нарыг чадавхжуулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх асуудал дээр хамтран ажиллах хүсэлтийг гаргалаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн Ч.Ундрам, гишүүний Гадаад харилцааны зөвлөх Н.Манчук, Аймгийн ЗДТГ-ын удирдлагын багийн төлөөлөл, Сант сумын Засаг дарга С.Шижирбаатар, БШУГ, МСҮТ-ийн төлөөлөл байлцлаа. Мөн уулзалтанд ХААИС-ийн захирал, профессор Б.Баасансүх оролцов.