“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2023” Дундговь аймгаас эхэллээ
Монголчуудын нас баралтын гол шалтгаануудын нэг болсон зүрх судасны өвчлөлд нөлөөлдөг гол хүчин зүйл нь цусны даралт ихсэх өвчин юм. Өөрөөр хэлбэл цусны даралт ихэссэнээр зүрхний дутагдалд орох, тархинд цус харвах, зүрхний шигдээс болох гол шалтгаануудын нэг болдог. Статистик судалгаанаас харахад цусны даралт ихсэлтээс шалтгаалсан нас баралтаар дэлхийд Ази тив тэргүүлдэг бол Монгол Улс уг өвчнөөс шалтгаалсан нас баралтаар тивдээ 5-рт ордог гэсэн харамсалтай тоо мэдээ байна.
Иймд уг аюулт өвчинтэй тэмцэх, иргэдийнхээ эрүүл энхийн төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулахаар ХААН Банк нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаараа дамжуулан П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ), Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз (МҮОНРТ)-тэй хамтран цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг оношилгоонд хамруулах, мэдлэг мэдээлэл олгох зорилготой “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг 2017 оноос хойш 7 дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байна.
Энэ жил аяны салхийг хагалж, дуу хуурын өлгий нутаг Дундговь аймагт аяны багийнхан дөрөө мулталсан бөгөөд өнөөдөр нээлтийн арга хэмжээг аймгийн төв талбайд зохион байгууллаа. Дундговь аймгаас гадна Өвөрхангай, Завхан, Говь-Алтай аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй юм.
Дундговь аймгийн хувьд хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны нэгд Зүрх судасны тогтолцооны эмгэг ордог бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторид бүртгэгдсэнээр Цусны даралт ихсэх өвчлөл 10,000 хүн ам тутамд 566 байна гэсэн судалгаа гарсан байна.
Энэхүү аяны өдөрлөг, арга хэмжээ Дундговь аймагт энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилж, 6-р сарын 21-23-ны өдрийг дуустал дараагийн өртөө Өвөрхангай аймагт эмч мэргэжилтнүүд ажиллан, олон нийтэд сургалт зохион байгуулан, иргэдийг үзлэг оношилгоонд хамруулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хэмжээнд 12 аймаг, Улаанбаатар хотод хэрэгжүүлж, нийтдээ 19,000 гаруй иргэнийг үзлэг оношилгоонд хамруулж, эрүүл мэндийн 7 булан байгуулж, 600 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд сургалт зохион байгуулаад байна.
Эрүүл амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлэх нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, урт удаан хугацаанд эрүүл амьдрах гол хүчин зүйл төдийгүй нийгэм, улс орны хөгжилд чухал ач холбогдолтой билээ. Иймд та ч бас эрүүл мэнддээ анхаарал тавиарай, үзлэг оношилгоонд тогтмол хамрагдаж байгаарай.
Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк