СЭЛЭНГЭ: Монгол инженерүүд ухаалаг зоорь барьж байна
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд дэлхийн стандартад нийцсэн ухаалаг зоорийг барьж байгуулж байна. “Зүүнбүрэн автоамат агуулах” ХХК-ийн 100 хувийн өөрийн хөрөнгөөр барьж буй энэхүү ухаалаг зоорь нь нийт 450м3 багтаамжтай, 180-200 тонн хүнсний ногоог хадгалах хүчин чадалтай аж. Мөн хадгалалтын хугацааны бүх үйл ажиллагааг хянах төхөөрөмжтэй юм. Уг зоорийн хувьд ногооны алдагдал нь газар доорх зоорьтой харьцуулбал 40-50 хувь багатай гээд маш олон давуу талтай ажээ.
Америк технологийг Монголд нутагшуулах тэр дундаа хөдөөгийн алслагдсан суманд хэрэгжүүлэхээр зорьж буй Монгол инженерүүдийн гараар бүтээгдэж буй эл зоорь нь жилийн 4 улиралдхүнсний ногоог шинээр нь хадгалах бүрэн боломжтой юм.
Энэ ч утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнд нийцэхүйц оюуны томоохон бүтээн байгуулалт гэж болохоор юм.
Цаашид эрүүл хүнснээр хүн ардаа хангах үүднээс монгол орны таль ч аймаг, суманд барьж байгуулах бүрэн боломжтой юм. Намар зоорилсон ногоог хавар гаргахад анх хадгалсан үеийнхээ чанарыг бүрэн хадгалж байх нь нэн чухал. Энэ хэрээр хүнсний аюулгүй байдал алдагдахгүй, монголчууд эрүүл хүнс хэрэглэх боломж нээгэдж байна.
Монгол инженерүүдийн барьж байгуулж байгаа энэхүү агуулах нь тухайн ногоог хадгалах стандартынх нь дагуу компьютер дээр сануулдаг аж. Хэрвээ ямар нэгэн хэм хэмжээ нь алдагдвал гар утас дээр нь мэдээлэл ирж сануулдаг ажээ.
Энэхүү ухаалаг зоорийн үйл ажиллагааны талаар “Зүүнбүрэн Автомат агуулах” ХХК-ийн инженер Т.Батжаргалаас тодрууллаа.
-Тэрээр:”-Үйлдвэрийн автоматжуулалтын инженерүүдийн зохион бүтээсэн удирдлагын систем дээр суурилуулж хийсэн. Бичил уур амьсгал буюу тухайн агуулахын орчны хэм, чийгшил, нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээг давхар хянадаг. Мөн үүнийгээ дагаад халаалтын болон хөргөлтийн систем, чийгшил, цэвэр агаарыг оруулж, бохир агаарыг зайлуулах агаар сэлгэлтийн ситстемийг удирдаж, хянаж ажилладаг ийм бүрэн автоамат систем байгаа. Мөн үүнийг гар утас дээрээс удирдаж хянахаас гадна сүлжээнд холбож болно. Энэ нь хамгийн орчин үеийн ухаалаг систем. Энэ маань АНУ-д хэрэглэдэг, дэлхийн стандартад нийцсэн, бичил уур амьсгалыг бүрэн бүрдүүлдэг онцлогтой төхөөрөмж. Аль ногоог хэдэн хэмд ямар чийгшилтэй хадгалах вэ гээд.
Тухайлбал зарим ногоонд заавал агаар сэлгэлтийг хэрэглэж байдаг. Тухайлбал төмс нүүрс хүчлийн давхар исэл ялгаруулж байдаг. Амархан харлаж, муудаж, ургадаг. Иймээс ППМ нь 2000-аас давах л юм бол агаарт сэлгэлт зайлшгүй хийх шаардлагатай болдог. Энэ бүхнийг энэ төхөөрөмж өөрөө зохицуулж байдаг. Жилийн 365 хоногийн турш ямарч хэлбэлзэлгүйгээр өгөгдсөн заалтын дагуу ажилдаг ухаалаг систем байгаа” хэмээн ярилаа. Энэхүү ухаалаг зоорийг энэ сардаа багтааж ашиглалтад оруулахаар тус компанийн инженерүүд шургуу ажиллаж байна.