Шилдэг хамтрагч, Хүйсийн тэгш байдлаар манлайлагч банк
ХААН Банк Азийн хөгжлийн банк (АХБ)-наас хэрэгжүүлдэг “Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих хөтөлбөр”-т 2010 оноос хойш хамрагдан, бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг шуурхай, чанартай үзүүлэхэд онцгой анхаарал хандуулсаар ирсэн. Тус хөтөлбөрт хамрагдсанаар ХААН Банк олон улсын 200 гаруй банктай хамтран ажиллаж боломжтой болсон төдийгүй худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ цар хүрээ, чанар хүртээмжийг нэмэгдүүлж чадсан билээ.
АХБ нь “Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн дэмжих хөтөлбөр”-т нэгдсэн банкуудаас жил бүр шилдгүүдийг онцлон тодруулдаг бөгөөд энэ онд ХААН Банк дараах хоёр шагналын эзэн боллоо.
Монгол Улс дахь “Шилдэг хамтрагч банк”
2022 онд ХААН Банк “Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхжүүжилтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд АХБ-ны “Монгол дахь шилдэг хамтрагч банк”-аар тав дахь удаагаа ийнхүү шалгараад байна. ХААН Банкны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болох олон улсын худалдаа эрхэлдэг харилцагчдадаа олгодог ачилтын өмнөх болон дараах зээл, аккредитивийг ашиглан урьдчилгаа төлбөргүйгээр захиалга хийх, төлбөрийн баталгаа гаргах зэрэг үйлчилгээ нь дэлхийн түвшинд хүрсний илрэл нь энэхүү шагнал юм. Эдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээ нь бараа бүтээгдэхүүний эргэлтийн тасралтгүй байдлыг хангах, мөнгөний урсгалыг зохистой удирдах, тээвэрлэлтийн эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм.
“Хүйсийн тэгш байдлаар манлайлагч банк”
ХААН Банк нь дээд болон дунд шатны удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг салбарын хэмжээнд жишиг болохуйцаар дэмждэгээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн чамгүй хувь нь эмэгтэйчүүдийг чадавхжуулах, нийгэм дэх тэдний оролцоог нэмэгдүүлэх, ажил мэргэжлийн болон хувийн замналд нь өсөн дэвжих боломжийг олгоход чиглэж байна. Энэ ч үүднээс АХБ-наас “Gender Champion” буюу “Хүйсийн тэгш байдлаар манлайлагч банк”-аар 2022 онд ХААН Банкийг тодруулсан байна. Тогтвортой хөгжлийн зорилгын нэг болох жендэрийн тэгш байдлыг хангахын тулд мөрддөг бодлого, дотооддоо болон банкнаас гадуур хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлууд нь ажлын байран дахь хүйсийн тэгш оролцоо, манлайллыг бүхий л түвшинд дэмжиж, жигд хангаж ажилласныг онцлон энэхүү шагналыг олгосон байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк