Ардчилсан намаас Х.Баттулгыг "хөөх" ардын намын төлөвлөгөө буюу С.Баярцогт, Ч.Сайханбилэг, сайдын суудал ...

271

Ардчилсан намын хуваагдал, арслантай тамганы хэрүүлийг Ардын намынхан эхлүүлсэн. Өөрөөр бол, Ардчилсан намын даргын суудлаа, арслантай тамгаа алд цэнхэр хадагны хамт үлдээгээд явсан С.Эрдэнэ Ардын намтай тохироо хийгээд эргэж ирснээр энэ бүх хэрүүл, хагарал эхэлсэн. Харамсалтай нь, одоо хяналтаас гарч, УИХ дахь Ардчилсан намын бүлэг ч гэж байхгүй болчихоод байна. Тэгвэл Ардын намынхан эхлүүлснээ дуусгах буюу Ардчилсан намыг нэг даргатай, нэг тамгатай болгож, албан ёсоор “атгандаа” оруулахаар шийдсэн бололтой.  
       Харин яаж гэдгийг нь ингэж таамаглаж байна. Тодруулбал, Ардын намынхан Сангийн сайд асан С.Баярцогтын 10 жилийн хорих ялтай хэргийг хэрэгсэхгүй болгох замаар түүнийг өөрсдийн талд “урвуулсан”. Одоо түүнийг Ардчилсан намын дарга болгохоор сойж, эхний ээлжид “сая ам.долларын оффшорчин” гэх муу нэрийг нь мартуулж, нэрийг нь цэвэрлэхээр сошиалаар сайлж эхэллээ. Цаашлаад, Ардчилсан намаас Х.Баттулгыг “хөөж” явуулахын тулд түүний өстөн Ч.Сайханбилэгийг алс Америкаас “залж” авчрахаар боллоо. Ингэхийн тулд хууль хяналтын байгууллагуудад хадгалагдаж байгаа хавтаст хэргүүдийг нь “шатаах” тохироо хийсэн байхыг үгүйсгэхгүй. Бүр цаашилбал, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт “эзэн” нь тодорхойгүй нэг сайдын суудал, эзэн нь хэзээ мөдгүй солигдоход бэлэн хоёр сайдын суудал байна. Ардын намынхан эдгээр сайдын суудлаар УИХ дахь АН-ын бүлгийн Х.Баттулгын талынхныг “урвуулах” замаар Ардчилсан намыг албан ёсны нэг эзэнтэй болгохоор төлөвлөж байгаа таамаг байна. Чухамдаа энэ намрын улс төр тун сонирхолтой байдлаар өрнөх нь ээ. 

АРДЫН НАМЫНХАН АРДЧИЛСАН НАМЫГ С.БАЯРЦОГТ, Ч.САЙХАНБИЛЭГ НАРААР ДАМЖУУЛЖ “АТГАХ” УУ

            С.Баярцогтыг Ардчилсан намын даргад зүтгүүлэх төлөвлөгөө хоёр дахь шатандаа ороод байна гэж болно. Эхний үе шат буюу наадмын өмнөхөн Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүхээс 10 жилийн хорих ял сонссон атлаа хоёр жил хүрэхгүй хугацаанд хэрэгсэхгүй болгуулж чадсан нь түүнийг Ардын намтай тохиролцсон гэж хардах том шалтгаан. Өөрөөр бол, Ардын намынхан түүний хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгч, хариуд нь С.Баярцогт Ардчилсан намын дарга болох замаар тус намыг Ардын намын хараанд байлгах тохиролцоо хийсэн гэж харагдаад байгаа юм. 
Яг энэ технологийг С.Эрдэнээр дамжуулан “туршаад” бүтэлгүйтсэн, харин С.Баярцогтоор амжилтад хүрнэ гэж тооцсон байж болно.  
Харин одоо хоёр дахь шат эхэлсэн буюу С.Баярцогтыг сайлж, сайшаасан постууд сошиал орчинд борооны дараах мөөг шиг л олширч байна. Өөрөөр бол, “Сая ам.долларын оффшорчин” гэх хусавч арилахгүй муу нэрийг нь “Ардчилсан намын аврагч” гэх шинэ нэрээр солих сошиал давлагаа эхэлчихлээ. Ардын намынханд “Дасгаж дурлуулах” гэдэг тун гаргууд хэрэгжүүлдэг технологи бий. Яг тэр технологитой л төстэй харагдаад байгаа юм.                    Түүнчлэн, С.Эрдэнэ Ч.Сайханбилэгийг өөрийн талын Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны дэд даргаар томилов. Үндэсний бодлогын хороо бол Ардчилсан намын гал тогоо. Айлаар төсөөлсөн ч цэвэрлэгээ чухам гал тогооноос эхлэх ёстой. Энэ өнцгөөс харвал, Ч.Сайханбилэгийн хувьд Х.Баттулгатай хонь, чоно. Ямар сайндаа л, Америкт хоёр жил гаруй “бүгэх”-дээ Х.Баттулгад хаяглаж хоёр ч “видео захиа” илгээж байлаа. Өөрөөр бол, Ардчилсан намаас Х.Баттулгыг “зайлуулахад” Ардын намд Ч.Сайханбилэг хэрэгтэй. Нөгөө талд Ч.Сайханбилэг хэзээ болтол харьд амьдрах вэ, ямар нэг замаар хэргээ хэрэгсэхгүй болгож, эх орондоо эмээх зүйлгүй амьдрахыг хүсэх нь мэдээж. Одоогоор тийм эрх чөлөөг зөвхөн Ардын нам л гаргаж өгч чадна. Тэгэхээр Ч.Сайханбилэг, Ардын намтай аль алиндаа ашигтай тохироо хийсэн байж болох юм.  
Товчхондоо, Ардын намыг С.Баярцогт, гал тогоог нь Ч.Сайханбилэг хариуцах зураглал гарчээ гэсэн үг. 

АРДЫН НАМЫНХАН УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГИЙНХЭН БУЮУ Х.БАТТУЛГЫН ТАЛЫНХНЫГ САЙДЫН СУУДЛААР УРВУУЛАХ УУ

             Ардын намынхан 10 гишүүндээ давхар дээр нөмөргөж, Засагтаа залсан. Гэхдээ Засагт хийгдэх томилгоо ингээд дуусаагүй буюу энэ намартаа багтаж дахиад нэг сайд шинээр, 1-2 сайд солигдож орж ирэх хүлээлт бий. Нэгдүгээрт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нараа шинэчлэх үеэрээ “Засгийн газарт Боомт хариуцсан сайд байх ёстой. Хамгийн чухал салбар боловч хариуцсан сайдгүй явж ирсэн нь ажил урагшлахгүй байх нэг шалтгаан болж байна” гэж мэдэгдсэн. Атлаа сайдыг нь томилохгүй үлдээсэн нь “Хэн нэгэнд зориулж хадгалж үлдээв үү” гэдэг хардлага дагуулж буй. Хоёрдугаарт, “Сайдууд солигдвол хамгийн түрүүнд Засгаас явах хүн” гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг нэрлэж байсан. Гэвч сая сайд нар солигдоход С.Энхболдын нэрийг ч дурдахгүйгээр үлдээсэн.  
       Тэгвэл Боомт хариуцсан сайд болон Эрүүл мэндийн сайдын суудлыг Ардын намынхан УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэнтэй, тэр тусмаа Х.Баттулгын талынхантай “наймаалцах” зорилгоор хадгалж байж болзошгүй хардлага байна. Яагаад гэхээр, УИХ дахь АН-ын бүлгийнхний ихэнх нь Х.Баттулгын туганд нэгдээд буй. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхнийг Х.Баттулгаас урвуулж байж Ардын намынхан хүссэн хүнээ Ардчилсан намын дарга болгоход илүү хялбар болно. Жишээ нь, С.Баярцогтыг Ардчилсан намын даргад зүтгүүлэхэд УИХ дахь Х.Баттулгын талынхан алга ташин угтаж авахгүй нь тодорхой. Харин тэднийг өөрсдөдөө урвуулах хамгийн боломжит өгөөш нь давхар дээлтэй сайдын суудал байж болох юм. Ардын намаас сайдын суудал авч, Засагт заларчихвал эсрэг зогсох боломжгүй болж, хүссэн хүсээгүй Ардын намын зүтгүүлсэн хүнийг Ардчилсан намын даргад дэмжиж таарна гэсэн үг шүү дээ.  
 
       Ингээд харвал, Ардын намынхан Ардчилсан намыг “атгандаа” оруулах эцсийн төлөвлөгөөгөө энэ намартаа багтааж хэрэгжүүлэх дүр зураг харагдаж байна.  

https://ergelt.mn/news/43/single/25214
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn