СЭЛЭНГЭ:Л.Наранбаатар: Бид 2023 онд 600 мянга, 2024 онд 700 мянган тонн цемент үйлдвэрлэх зорилт тавьж байгаа
Сэлэнгэ аймгийн бүсчилсэн хөгжлийн тулгуур төвүүдийн нэгболСайхан сум буюу Хөтөл хот.Иймээс тус суманд үйл ажллагаагаа явуулж байгааХөтөлийн "Цемент шохойн үйлдвэр"-ийг түшиглээд Хөтөл хотыг ирээдүйд Монгол Улсын 4 дэх дагуул хот болгон хөгжүүлэх гарц байгаа аж. Энэ асуудлын талаар тус үйлдвэрээс зохион байгуулсан форумын үеэр онцлон хөндөж байлаа. Ингээд форумын үеэр“Цемент шохой”ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатартай уулзаж ярилцсан юм.
-Сайхан сум, Хөтөл хотын хөгжил үйлдвэрийн үйл ажиллагаанаас хамааралтай болохыг хөндөж байна. Танай үйлдвэрийн зүгээс сумын удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ талаар?
-Сэлэнгэ аймгийн Сайхан сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй танилцсан. Ямартаа ч хамтын ажиллагааны хүрээнд шинээр хот төлөвлөж байгаа газраа 40 айлын хаусын газар, 200 айлын орон сууцны болон худалдааны төвийн төлөвлөлтийн зургийг Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрээс санамж бичиг хийлгэлээ. Үүний дагуу зургийг нь батлаад өгөх юм бол барилгын компаниуд орж ирж хийх байх.
Бидний хувьд барилга барих бизнес биш. Бид цементээ худалдах нь манай бизнес. Түүнийг хийхэд хүмүүсийн анхаарлыг хандуулах нь бидний үндсэн үүрэг бөгөөд харилцан ажиллагаа. Тэр утгаараа бид ажилчдаа хямд төсөр өртгөөр орон сууцтай болгоё гэж зорьж байгаа. Тодорхой дэвшилттэй ажлуудыг ч давхар харж байгаа. Мөн үйлдвэрээ түшиглээд алтан гурвалжин гэгдэх Дархан, Эрдэнэт, Улаанбаатарын яг төвд байрлах Хөтөл хотыг ирээдүйн 4 дэх дагуул хот болгон хөгжүүлэх том боломж харагдаж байгаа юм.
-Таны тавьж буй илтгэлээс сонсож байхад танай үйлдвэр хоногт 3000 тонн цемент үйлдвэрлэж,Монгол Улсынхаа хэрэглэгчдийн хэрэгцээгхангаж байгаа. Мөн Төрийн өмчид шилжсэнээсээ хойш энэ богино хугацаанд маш ашигтай ажилласан гэдгийг сонслоо. Хэрхэн яаж ашигтай ажиллав?
-Хөтөлийн Цемент шохойн үйлдвэр төрийн өмчит хувьцаат компани болоод шинэ менежментийн баг ажлаа аваад 5 дахь сардаа үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд бид нийтдээ 270 гаруй мянган тонн орчим цементийг үйлдвэрлэн борлуулсан байна. Энэ бол 2014 оноос хойш /миний мэдэж байгаагаар/ хувьд шилжсэн үеэс хойш гэсэн үг. Энэ үеэс хойш эхний 7 сард нийлбэр дүнгээр үйлдвэрлэсэн хамгийн өндөр цементийн үйлдвэрлэл болж байгаа. 7 сард бид 70100 тонн цемент үйлдвэрлэсэн. Энэ бол үйлдвэрийн 39 жилийн түүхэн дэх рекорд үйлдвэрлэл юм. Зарим хүмүүс гайхаад байгаа. Яагаад гэвэл, та нар үнээ бууруулчихаад яаж ашигтай ажиллаад байгаа юм бэ гэж.
Үүнийг бид эдийн засгийн онолоор нь харахад хүчин чадлаа хангалттай сайн нэмэгдүүлээд техникийн бэлэн чадлыг хангаж чадах юм бол нэлээд бүтээмжтэй ажилладаг юм. Энэ утгаараа үйлдвэрийн тогтмол зардлыг нөхдөг учраас нэгжид ноогдох зардал буурдаг. Энэ бол батлагдсан онол. Энгийн зүйл. Яг энэ тактик стратегийг бид барьж ажилласан. Зах зээл дээр маш олон гэрээт компаниудтай болсон. Өмнө бид жирийн өрхүүдэд хүрч чаддаггүй байсан. Үүнээс болоод ченж гэдэг нөхдүүд тонн цементийг 500000-аар худалддаг байлаа. Энэ нь нэг талаас иргэдийг нэлээд мөлжсөн, шулсан үйл ажиллагаа юм. Нөгөө талаар Хөтөлийн Цемент шохойн үйлдвэр энэ боломжийг ашиглаад ууттай цементээ зах зээл дээр түлхүү танилцуулах маркетингийн боломжийг олгож байгаа юм. Тэгэхээр бид хүчин чадлаа нэмэгдүүлсэн, борлуулалтаа тэлсэн. Ийм учраас ашигтай ажиллаж чадсан.
-Өмнө нь яагаад ашигтай ажиллаж чадаагүй юм бол. Хувийн гэдэг утгаар тэр үү. Төр өмчөө аваад ашигтай ажиллаж чадлаа гэж ойлгож болох уу. Эсвэл удирдлагын багийн шинэ тактик, менежмент байв уу?
-Манай менежментийн шинэ удирдлагын баг өнөөдөр 5 дахь сардаа үйл ажиллагаагаа явуулж байна. Бид 13.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. 2014 оноос бидний менежмент авах хүртэл хугацаанд нийтдээ 124 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өрийн алдагдалд оруулсан байсан. Нэг ч сар ашигтай ажиллаагүй. Уг нь төр ямар хүлээлттэй байсан бэ гэхээр. Ордоо үнэгүй өгсөн шүү дээ. Дээр нь дулааны станцаа үнэгүй өгсөн. 1.2 тэрбум төгрөгөөр бүх дэд бүтцээ хүнтэй юутай нь, ашигт малтмалын баялагтай нь үйлдвэртэйгээ өгчихсөн. Ингээд ашигтай ажиллана гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл эсрэгээр нь 124 тэрбум төгрөгийн алдагдалд оруулсан. Одоо магадгүй энийг Хөтөлчүүд, манай монголчууд энэ баялагийг алдагдалд оруулсан хүмүүсээс нэхэх ёстой гэж бодож байгаа. Ашигтай ажиллаж болдог юм байна гэдгийг шинэ удирдлагын баг бас харуулчихлаа. Тэгэхдээ үүнийг учиргүй төр нь сайн менежер хийгээд, эсвэл хувь нь муу гээд буруу харьцуулалт өгч болохгүй. Ийм зүйл яваад байгаа юм. Зүгээр л бодлого стратеги зөв байх, менежментийн баг авлигаас ангид, чигч шударгаар ажиллаж, зорьсон зорилгодоо хүрч, тууштай алхам хийсэн.
Ингээд явахад төрийн дэмжлэг нь хангалттай сайн байдаг юм байна гэдгийг л харуулж чадаж байгаа юм. Ингээд төртэйгээ хамтраад менежментийн баг ажиллаж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар бол манай хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүд маань бас сайн мэргэжлийн хүмүүс байгаа. Манай гүйцэтгэх удирдлагын багийг ТУЗ-ийн гишүүд маш сайн дэмжиж байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар маань бодлогоо маш зөв гаргаад стратегаа маш зөв хэрэгжүүлэхийг зааж зөвлөж байгаа учраас хамтын шийдлээр амжилттай урагшилж байна гэж харж байгаа.
Дээр нь Хөтөлд 10 гаруй мянган хүн амьдарч байна. Үүний 820 хүн нь манай үйлдвэр болон дулааны станцад /би аж үйлдвэрийн цогцолбор гэж хэлэх дуртай/ ажиллаж байна. Энэ хүмүүсийн ажил амьдрал энэ байгууллага сайн, муу байхаас шалтгаална. Манай ажилчид болон Хөтөлчүүд нэлээд өөртөө итгэлтэй болсон. Бүр Хөтөлөөс явсан хүмүүс буцаж ирж байна.
-Ажилчдынхаа цалинг 40 хүртэл хувиар нэмсэн байна. Мэдээж амьдралын гол хөшүүрэг болсон цалин нэмэгдэнэ гэдэг ажилчдын хувьд том хөрөнгө оруулалт. Бас НДШ-ийн өрийг барагдуулсан гээд нэлээд бодит дэвшлүүд дуулдаад байгаа. Цаашид цалингаа дахин нэмэх үү. Хэтийн зорилгоо хуваалцаач?
-Ажилчдын цалин 2 дахин нэмэгдсэн. Банкууд манай ажилчдыг зээлийн найдвартай бүтээгдэхүүн гэж хардаг болж байна. Тийм учраас орон сууц худалдаж аваач ээ. Машин аваач ээ, зээл аваач ээ гээд манай ажилчдын хойноос хөөцөлддөг болсон. Нийгмийн даатгалын асуудлыг бид бүрэн шийдсэн. Өрийг нь бүрэн тэглэсэн. Ингэснээр манай ажилчид эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх, тэтгэврээ тогтоолгох, ядаж л эмэгтэйчүүд маань жирэмсний мөнгөө авах боломж бүрдсэн. Хамгийн гол чухал ажил нь бол банкнаас зээл авахад асуудалгүй болж байгаа юм. Энэ мэт өөрчлөлтүүд богино хугацаанд гарсан.
Бид цаашид зөндөө олон зүйлийг хамтдаа хийж бүтээнэ. Бидэнд төлөвлөгөө байна. Хэрэгжүүлэх стратеги байна. Ойрын 3 жилд Хөтөлд 160 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Хөтөлийн Цемент шохойн үйлдвэр. Одоо байгаа нэг сая тоннын цементийн үйлдвэр гээд байгаа нь үнэн хэрэгтээ сая тоннын үйлдвэр биш. 400 мянган тоннын хүчин чадалтай үйлдвэр.
Энэ жил тулсан хүчин чадлаар нь ажиллуулах даалгаврыг бидэнд өгсөн. Бараг 400 мянган тонн цементээ хийчих болов уу. Тэгэх юм бол хувьд шилжсэнээс хойш, төрд ирсэн 2014 оноос хойших хамгийн өндөр үйлдвэрлэл болон борлуулалтдаа хүрэх юм. Түүнээс цааш үйлдвэрлэлээ нэмэгдүүлье гэвэл хөрөнгө оруулалт хэрэгтэй.
Бид 2023 онд 600 мянга, 2024 онд 700 мянган тонн цемент үйлдвэрлэх зорилт тавьж байгаа.
Ингэхийн тулд орчин үеийн шинэ технологийн уурхайтай болох хэрэгтэй. Шохойн үйлдвэрлэлээ иж бүрэн шинэчлээд Хөтөлөө утаагүй болгох хэрэгтэй байна. Шохойн үйлдвэрээ жилд 100 мянган тонн болгочих хэрэгтэй. Хүчин чадлыг нь 2 дахин нэмнэ гэсэн үг. Цементийн үйлдвэрээ 400 мянгаас 700 мянга болгочих хэрэгтэй байна. 75 хувиар хүчин чадлыг нь нэмнэ гэсэн үг. 160 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Энэ хөрөнгө оруулалт, худалдан авалт, ажил үйлчилгээ, цалингийн ихэнх нь Хөтөлд үлдэнэ. Энэ өөрөө Хөтөлийн эдийн засгийг тэлэх юм. Хөтөлд илүү суурьшмал бүс бий болгоход нэлээд том нөлөө үзүүлнэ.
Ойрын 10 жилийн Хөтөлийн эдийн засгийг зураглахад, нийтдээ 160 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхэд Хөтөлийн Цемент шохойн үйлдвэр татварын өмнө зогсоход 420 тэрбум төгрөгийн татварын ашиг олно.
Үүнийг өнөөдрийн үнэ цэнээр нь шилжүүлээд яг одоо ярилцлага өгөөд зогсож байгаа цаг үед тодорхой хүүгээр нь бууруулаад харах юм бол 200 гаруй тэрбум төгрөгийн үнэ цэн бүхий орд байна гэсэн үг. Гэтэл үүнийг хууль бус хувьчлалаар 1.2-хон тэрбумаар өгчихсөн шүү дээ. Ямар их боломж, бололцоог тэр хууль бус хувьчлалаар хаасныг одоо бид олж харсан байхаа гэж найдаж байна. Одоо бид энэ хүлээснээс тайлагдсан. Бид хамтдаа Хөтөлөө, Сэлэнгэ аймгаа хөгжүүлнэ. Хөтөлд илүү гоё барилгууд баригдах байх. Шинэ орон сууцууд баригдах байх. Шинэ үйлдвэр, үйлчилгээнүүд нэвтрэх байх. Магадгүй Дархан, Эрдэнэт, Сэлэнгээс залуучууд энд амьдрах гэж илүү их тэмүүлэх байх. Энэ хүсэл тэмүүллийг бий болгохын төлөө Хөтөлийн засаг захиргаа, Сэлэнгийн засаг захиргаа Хөтөлийн нийт 800 гаруй ажилчидтайгаа хамтраад урагшаа зүтгэнээ. Итгэл төгс байгаа.
-Сэлэнгэ аймгийн төв болоод хэсэг газруудад борлуулалтын цэгээ нээсэн байгаа. Энэ цэгээ цаашид нэмэгдүүлэх үү. Ер нь цементийн хэрэгцээг хэрэглэгчдэд тасалдуулахгүйгээр хүргэх боломж бий юу?
-Бид 9 дүгээр сарын эхний 7 хоногт багтаж Хөтөлдөө нэг цэг, дараагийн 7 хоногт нь Зүүнхараад нэг цэг нээнэ. Одоо бид Сэлэнгийн төвдөө нээгээд байгаа. Биднийг ирэхээс өмнө Хөтөлд МАК-ийн ууттай цемент харагдаж байсан. Үүнийг хараад ний нуугүй хэлэхэд эгдүүцэхээсээ илүүтэй жаахан санаа зовсон гэх үү дээ. Бүхэл бүтэн цементийн үйлдвэр дэргэд нь байхад өрсөлдөгчийнхөө цементийг хэрэглэж байна гэдэг чинь манай маркетингийн бодлого, өрсөлдөх чадварын тухай ойлголт огт байхгүй байна гэсэн үг. Одоо бол өөр бусад өрсөлдөгчийн цемент Сэлэнгэ аймагт харагдахгүй байх. Илүү Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн бүс нутгуудад өдөрт 1-2 машин буюу 50-100 тонн цементийг аяны хүрээнд хангаж байгаа.
Бид ууттай цементээ 14000 төгрөгөөр борлуулж байна. Үүнээс илүү нэг төгрөгөөр зарсан манай гэрээт борлуулагч байх юм бол бидэнд мэдээлэл өгөөрэй. Тэр гэрээт борлуулагчийн гэрээг цуцлаад дахиад өөр гэрээт борлуулагч оруулахад бид бэлэн байгаа шүү. Энэ үнийн интервенц явсантай холбоотой бид нийтдээ 5000 гаруй хүнд хүрч үйлчлээд байгаа.
Нийт 2.6 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг иргэдэд бий болгосон. Нэг ууттай цементээс л 10 мянган төгрөг байхгүй юу. Бид интервенц явуулахаас өмнө нэг уут цемент 25 мянган төгрөг байлаа шүү дээ. Тонн нь 500 мянга. Ингээд бодохоор ченжүүдэд очих байсан 2.6 тэрбум төгрөгийг иргэдэдээ үлдээсэн.
Нэг байшин барихад л бараг 3-4 сая төгрөгийн хэмнэлт гарч байна лээ. Тэгээд бас манай энэ үнийн арга хэмжээг дэмжин ажиллаж байгаа Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Улаанбаатарын манай хэрэглэгчиддээ маш их баярлалаа. Бидний ажлыг дэмжиж ажилласны хүчинд бид бас цементээ чамгүй борлууллаа. Манай үйлдвэрийн үр ашиг нэмэгдэж байна. Энэ үйлдвэрийнхээ ашгаар бид сая 7 сард үйлдвэртээ шинэ техник төхөөрөмж аваад парк шинэчлэлт хийсэн. Ингээд дэмжээд байвал бид цаашдаа илүү сайхан шинэчлэлтүүдийг хийгээд улам л цементийн үйлдвэрлэлээ таслахгүй ажиллана.
-Үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэлээ. Түүнийгээ дагаад ажиллах хүчин бас нэмэгдэнэ. Цалингийн системээ хэрхэн боловсруулж байгаа талаараа сонирхуулаач?
-Одоо бол манайх 820 гаруй ажилчинтай. Дулааны станцаа оруулаад. Уурхай, цементийн үйлдвэр, Чулуунцарын үйлдвэр, Шохойн үйлдвэр, тээврийн хэсэг, Захиргаа удирдлагын хэлтэс, Лаборатори, Тээвэр ложистикийн алба гээд. Нийтдээ 26 нэгж, албатай. 4 үйлдвэрийн байгууллагатай. Нэгдмэл аж үйлдвэрийн цогцолбор. 160 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхэд манай ажилчдын тоо 1000-д дөхнө. Ажилчдын цалин инфляцтай уялдаад нэмэгддэг тогтолцоогоо бид журамдаа хийсэн. Дээрээс нь бүтээмжтэй уясан цалингийн системийг бий болгосон байгаа. Тэр тээрэм эргээд цемент гарч л байх юм бол тэнд ажилладаг ээлжийн оператор, мастер, засварчид бүгд бүтээлийн урамшуулал авна. Нэг тонн тутамд 47 төгрөгийн урамшуулал. Үүнийг сард тооцох юм бол 700-1 сая орчим төгрөгийн урамшуулал гарна. Энэ бол үндсэн цалин дээр нэмэгдээд очно гэсэн үг. Тэгэхээр манай тээрэм эвдрэхээ больсон.
Бид 6 дугаар сараас эхэлж энэ менежментээ авч хэрэгжүүлсэн. Техникийн бэлэн байдал 30 хувьтай яваад байсан. Одоо 70-80 хувьтай болсон. Тэгэхээр техникийн арга хэмжээ авч сэлбэгээр хангаад орхих биш менежментийн хүнээ бодсон арга хэмжээ аваад ирэхээр хүн нь ч техник нь ч хоёулаа итгэл төгс ажиллаад эхэлж байна. Үр дүн гарч эхэлж байгаа. Бүтээмж өсөхөөрөө манай нэгж өртөг буураад байгаа байхгүй юу. Явж явж тэр нөгөө алсыг харсан стратеги маань хэрэгжээд эхэлж байгаа гэсэн үг. Хөтөлийн ирээдүй сайхан байгаа. Гэхдээ сорилтууд байна. Бид даваад гарна аа.
-Ярилцсан танд баярлалаа.