Орон нутаг дахь ойн ангиуд самрын ургацын судалгааг хийж байна

262


Манай оронд ургаж буй хушин ойн сангийн нийт талбай нь 612,7 мянган га, нөөц нь 111,2 сая шоометр бөгөөд Монгол улсын байгалийн ойн талбайн 5,17 хувь, ойн нөөцийн 8,9 хувийг эзэлдэг. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-166 дугаар тушаалаар баталсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-д заасны дагуу хуш модны самрын хувьд тухайн жилийн ургацын байдлыг тус сум орон нутгийг хариуцан ажиллаж буй Ойн анги нь судлан тогтоож мэдээ, дүгнэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвд тухайн оны 08 дугаар сарын 01-ны дотор хүргүүлнэ.

Тус ирүүлсэн мэдээ, дүгнэлтийг үндэслэн Ойн судалгаа, хөгжлийн төв нь ургацын байдлын талаар хяналтын судалгаа, мониторинг хийж, мэдээг нэгтгэн дүгнэж, дүгнэлтийг мөн тухайн оны 08 дугаар сарын 20-ны дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.


Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тус дүгнэлт, орон нутгаас ирүүлсэн мэдээллийг үндэслэн тухайн жилд хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж ашиглах болон хориглох тухай шийдвэрийг тухайн оны 09 дүгээр сарын 01-ний дотор бүсчлэн гаргадаг.


Хуш модны самрыг болц гүйцсэн үед буюу 09 дүгээр сарын 10-аас дараа оны 03 дугаар сарын 15-ны өдрүүдийн хооронд бэлтгэхийг зөвшөөрдөг. Өнөөдрийн байдлаар орон нутаг дахь ойн ангиуд нь тухайн бүс нутаг, хариуцсан сумдынхаа хушин ойд самрын ургацын судалгааг хийж гүйцэтгэж байна.

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж ашиглах тухай шийдвэр гарсны дараагаар тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь орон нутагтаа ашиглаж болох нөөцийн дээд хязгаарыг ойн ангийн дүгнэлт, ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн тогтоодог юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn