ХААН Банкны олимпиадын ялагч таван оюутан ажлын урилга авлаа
Банк санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад ухаанаа уралдуулж, онолын болон мэргэжлийн мэдлэг, ур чадвараа сорих боломж олгодог “Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиад” 2022 онд ес дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
МУИС, СЭЗИС, ХААИС, “Мандах” их сургууль, Олон улсын эдийн засаг бизнесийн их сургууль, “Отгонтэнгэр” их сургууль, “Глобал удирдагч” их сургууль, “Их засаг” олон улсын их сургуульд банк, санхүү, бизнесийн чиглэлээр суралцдаг гуравдугаар, дөрөвдүгээр дамжааны 65 оюутан банкны менежмент, зээлийн шинжилгээ, нягтлан бодох бүртгэл, эрсдэлийн менежмент, банкны тухай хууль, журам зэрэг сэдвийн хүрээнд багийн болон ганцаарчилсан төрөлд мэдлэг чадвараараа өрсөлдөв.
Энэ жилийн олимпиадыг 4-р сарын 20-29-ний хооронд гурван үе шаттай зохион байгуулсан бөгөөд оюутнууд мэдлэгээ бататгахын зэрэгцээ багийн ажиллагаагаа сайжруулж, мэргэжил нэгт үеийн нөхдөөсөө суралцан, урам зориг авч, ойрын ирээдүйн зорилгоо тодорхойлох нэгэн чухал алхмыг хийлээ.
Олимпиадад оролцсон 13 баг зах зээлийн динамик загварчлал буюу симуляци дээр шийдвэр гаргаж, банкны активын менежментийн чадвараараа гурван үе шатанд өрсөлдлөө. Эхний хоёр байранд шалгарсан багт цом, өргөмжлөл, 1,500,000 төгрөг болон 1,000,000 төгрөгийн мөнгөн шагнал тус тус гардуулсан юм.
Эхний таван байранд шалгарсан баг
Байр | Багийн нэр | Сургууль |
1 | V баг | МУИС |
2 | UFEst.21 | СЭЗИС |
3 | ОУЭЗБИС баг | ОУЭЗБИС |
4 | Seekers | Мандах их сургууль |
5 | Royal баг | ИЗСЭЗС |
Ганцаарчилсан төрөлд 61 оюутан оролцож, тест болон кэйс дээр ажиллаж мэдлэгээ сорин өрсөлдсөн бөгөөд эхний таван байранд шалгарсан оюутнууд төгсөөд ХААН Банканд ажиллах урилга хүлээн авлаа.
Ганцаарчилсан төрөлд эхний таван байр эзэлсэн оюутнууд
Байр | Нэр | Сургууль | Дамжаа |
1 | Ш.Булгантамир | МУИС | IV |
2 | Б.Мөнгөнзул | МУИС | IV |
3 | Э.Төгөлдөр | МУИС | IV |
4 | Т.Пол | МУИС | III |
5 | Э.Алтанзул | МУИС | IV |
Өсөн дэвжих энэхүү боломжийг алдалгүйгээр мэргэжлийн түвшинд өөрсдийгөө сорьж, оюун, мэдлэгтээ шинэ туршлага хуримтлуулсан бүх оролцогчдодоо баяр хүргэе.
Энэхүү олимпиадыг зохион байгуулснаас хойш есөн жилийн хугацаанд нийт 900 гаруй оюутан оролцсон бол 40 гаруй оюутан ажлын урилга хүлээн авсан байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк