"1.4 сая толгой малаа оторлуулах хүсэлт малчид өгсөн"

11

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны, отор нүүдлийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Алтансарнайгаас отрын бүс нутгийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

Тэрбээр "Энэ жилийн тухайд нийт нутгийн 60 гаруй хувьд зуншлага сайн байсан бол 40 гаруй хувьд нь гандуу байлаа. Бэлчээрийн даац нийт нутгийн 50 хувьд хэвийн байгаа бол 20 хувьд нь бэлчээрийн даац хэтэрсэн. Монгол орны хэмжээнд мал оторлуулах боломжтой отрын есөн бүсийн 783.3 мянга га газар нутаг бий. Судалгаанд үндэслэж отрын бүсэд өвөлжүүлэх малын тоо, толгойг гаргадаг. Бэлчээрийн бүс нутгийн 64 цэгт мониторингийн цэгүүд байгаа, мэргэжлийн байгууллагуудтай хамтран дээрх цэгүүдийн дагуу бэлчээрийн даацыг тогтоосон. Тодруулбал, отрын бүсийн дэргэдэх орон тооны бус зөвлөл гэж бий. Энэхүү зөвлөл хуралдаж, хэлэлцээд дүгнэлтээ гаргадаг.
Энэ дагуу орон тооны бус зөвлөл хуралдаж энэ жил отрын долоон бүсэд мал оторлуулж, хоёр отрын бүсэд мал оторлуулахгүй өнжөөхөөр болсон. Өөрөөр хэлбэл, 317 мянга гаруй толгой малыг отрын бүс нутагт өвөлжүүлэх боломжтой байна.
Өнөөдрийн байдлаар 13 аймгийн 40 сумын 1000 гаруй малчин өрх, 1.4 сая толгой малыг отрын бүсэд оторлуулах хүсэлтийг өгөөд байна. Уг хүсэлтийн дагуу отрын орон тооны бус зөвлөлийн дүгнэлтэд үндэслэн 317 мянган толгой малыг отрын бүсэд өвөлжүүлэх боломжтой гэж дүгнээд байгаа. Үлдсэн хоёр бүс бэлчээрийн даац хэтэрснээс гадна зуншлага муу байсан учраас гаднаас мал отроор өвөлжүүлэх боломжгүй гэж үзсэн. Энэ сарын 1-нээс эхлэн отрын долоон бүсэд мал оруулах ажлыг зохион байгуулж байна.
Малчдын зүгээс Хэрлэнбаян улаан отрын бүсэд малаа оторлуулах хүсэлт маш их илгээдэг. Ерөнхийдөө энэ жил баруун аймгийн отрын бүсүүд их гандуу байлаа.
Тухайлбал, Увс аймгийн ачит нуур, Ховд аймгийн баяннуруу отрын бүс бол нэлээн гандуу байсан. Өнөөдрийн байдлаар отрын дээрх хоёр бүсээс гадна Говь-Алтай, Завхан чиглэлийн бүсэд цас их унасан байна. Харин өвс тэжээлийн бэлтгэл ажлыг аймгууд өөрсдөө хариуцаж нөөцөө бэлтгэж, үнийг тогтоодог" гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn